BBC агентлаг цагаан баавгайн тухай баримтат кино хийх үедээ зэрлэг амьтдын амьдралд сөргөөр нөлөөлсөн хэмээн Норвегийн эрх баригчид үзэж, 5700 фунтийн торгууль ногдуулах болсныг тус агентлаг мэдээлэв. “Цагаан баавгайн гэр бүл ба би” нэртэй цуврал баримтат киноны зургийг Шпицберген аралд (Свальбард) авсан бөгөөд энэ үеэрээ найруулагч, зураглаач, хөтлөгч нар биеэ далдлаагүй, баавгайнуудад ил харагдаж байсныг норвегчүүд эрс шүүмжилж байгаа аж.
Өнгөрсөн нэгдүгээр сард BBC телевизийн хоёрдугаар сувгаар уг киног үзүүлсэн. Түүнийг үзсэн Шпицберген арлын Амбан захирагчийн орлогч Ларс Эрик Альфхейм “Киноны зарим хэсэгт цагаан баавгайн тайван байдлыг алдагдуулсан дүрс байсан. Тиймээс орон нутгийн Хүрээлэн буй орчныг хамгаалах тухай хуулийн дагуу 50000 кроноор (5700 фунт) торгох шийдвэр гаргасан” хэмээжээ. Гэвч найруулагч Жэсон Робертс энэ шүүмжлэлийг эсэргүүцэн, цагаан баавгайн амьдралыг 22 жилийн турш хальсанд буулгахдаа нэг ч удаа баавгайн амар тайван байдлыг алдагдуулж байгаагүй учраас торгууль төлөхгүй хэмээн Норвегийн “Aftenposten” сонинд өгүүлсэн байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН