Дэлхий даяар таргалалтын улмаас жилд 180 мянган хүн нас бардгийн зарим нь чихэртэй ундааны хэрэглээтэй холбогддогийг Америкийн эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. “Тодруулбал, жингийн илүүдлийн улмаас нас барж буй 100 тохиолдол тутмын нэг нь чихэртэй ундааг тогтмол хэрэглэснээс болдог. Сүүлийн жилүүдэд үүнд 45-аас доош насны хүмүүс өртөмтгий байна” хэмээн Харвардын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн сургуулийн судлаач Гитанжали Сингх Америкийн зүрхний эмч нарын холбооноос зохион байгуулсан чуулганы үеэр өгүүлсэн байна. Дэлхийн 35 оронд хийсэн судалгааны дүнгээр Мексик улсын иргэд чихэр агуулсан ундаанаас болж хамгийн олноороо нас бардаг нь тогтоогдсон бол Бангладешт хамгийн бага үзүүлэлттэй гарсан аж. Харин АНУ гуравдугаарт бичигджээ.
Латин Америк, Карибийн тэнгисийн орнуудын иргэд чихэр агуулсан ундаа ихээр хэрэглэдгийг тэд уг судалгаагаар баталсан бөгөөд “Уг шалтгаанаар нас барсан хүмүүсийн дөрөвний гурав нь бага, дунд орлоготой орны иргэд байна” хэмээн дээрх сургуулийн Зүрх судасны эмгэг судлах төвийн дарга Дариуш Мозаффариан тэмдэглэсэн байна. Тэгэхээр энэ нь зөвхөн баян чинээлэг орнуудын биш бүх дэлхийн анхаарал хандуулах ёстой асуудал болоод буйг ч тэрбээр тодотгожээ. Гэвч Америкийн ундааны холбоо уг судалгааг “хэтэрхий дэвэргэсэн” хэмээн үзэж байгаа аж.