Хойд Солонгост хоёрдугаар сарын сүүлчээр зочилсон Америкийн сагсан бөмбөгч Деннис Родман Британийн “The Sun” сонинд өгсөн ярилцлагадаа “Ким Жөн Уны гэргий Ли Соль Жу шинэхэн мэндэлсэн хайр булаам охиныхоо тухай дайллагын үеэр байн байн өгүүлж байсан” хэмээн тэмдэглэжээ. Хатагтай Ли Соль Жу нэгдүгээр сарын сүүлчээр амаржсан гэж Японы NHK телекомпанийн эх сурвалж мэдээлсэн юм. Уг эх сурвалж Пхеньянд гуравдугаар сард айлчлахдаа энэ талаар эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын төлөөлөгчөөс дуулсан байна.
Мөн үүний өмнө БНСУ-ын Засгийн газрын эх сурвалжаас Ким Жөн Уных шинэ хүнтэй болсныг “The Washington Free Beacon” мэдээлсэн ч хүүхдийн хүйс тодорхойгүй байсан. Гэвч хүү төрсөн бол Пхеньян өв залгамжлагч мэндэлсэн талаар зарлах байсан гэж ажиглагчид дүгнэсэн юм. Ли Соль Жуг 2012 ондоо багтааж өөрөөр хэлбэл, Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений 100 жилийн ойн жилд амаржуулахын тулд хагалгаа гэх зэрэг төрөлтийг зохицуулах арга хэмжээ авч магадгүй хэмээн БНСУ-ын Засгийн газрын эх сурвалжаас тус улсын “Чосон Ильбо” сонинд бас бичиж байв. Юутай ч БНАСАУ-ын залуу удирдагчийн гэр бүл анхны үрийнхээ зулайг үнэрлэж, охинтой болсон нь ийнхүү тодорхой боллоо.
Х.ЭНХ