“Apple” корпорацийн iPad хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хулгайлсан хакерт АНУ-ын шүүх гурван жил таван сарын хорих ял оноосон тухай “Reuters” уламжиллаа.
Өдгөө 27 настай АНУ-ын иргэн Эндрю Эрнхаймер “AT&T” үүрэн холбооны операторын серверт зөвшөөрөлгүй нэвтэрч, Нью-Йорк хотын захирагч Майкл Блүмберг, Холливудын кино продюсер Харви Вайнштейн, ABC телевизийн хөтлөгч Дайан Сойер, Чикаго хотын захирагч Рам Эмануэль нарын олны танил эрхмүүдийг оролцуулаад нийт 120 мянга гаруй хүний хувийн мэдээллийг хулгайлсныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тогтоосон билээ.
Өнгөрсөн даваа гаригт түүний хэргийг АНУ-ын Нью-Жерси мужийн Ньюарк хотын шүүх хэлэлцэж, дээрх шийдвэрийг гаргасан аж. Тэрбээр алдартнуудаас хулгайлсан хувийн мэдээлэл, интернет захидлуудыг www.gawker.com цахим хуудсанд нийтэлсэн байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН