Фолклендын арлуудтай холбоотой, Их Британи, Аргентиний хоорондын маргаанд хутгалдан оролцохыг Ромын шинэ Папаас хүссэнээ Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер мэдэгдэв. Ромын католик шашны тэргүүн хамбаар сонгогдсоных нь дараа тэрбээр Пап Францисктай анх удаа уулзахдаа ийм санал тавьжээ.
Хамбын өдгөө түр оршин сууж байгаа Ватикан дахь Санта-Мария зочдын өргөөнд эх орон нэгтнүүдийн уулзалт болжээ. Ромын Пап агсан II Иоан Павел цагтаа Аргентин, Чилийн хоорондох дээрхтэй төстэй газар нутгийн маргаанд зуучлагчаар оролцож байсан тухай хатагтай Киршнер уулзалт дээр тэмдэглэсэн байна.