Стокгольмын Энх тайвны асуудал судлах хүрээлэнгийн баримтаар бол 2008-2012 онд дэлхий дахинд худалдсан энгийн зэвсгийн таван хувь нь Хятад улсад ногдсон байна. 2003-2007 онд зэвсгийн экспортын ердөө хоёр хувийг Хятадад үйлдвэрлэсэн "бараа" эзэлж байжээ. Зэвсгийн наймаагаар эхний тавд ордог орнуудыг АНУ (30 хувь) тэргүүлж, ОХУ (26 хувь) удаалж байгаа аж. Түүнчлэн эхний тавд Герман, Франц улс ордог байна. Урьд эхний тавд орж байсан Их Британийг Хятад улс шахан гаргажээ.
"Хүйтэн дайн" дууссанаас хойш зэвсгийн наймаачдын эхний тавд ордог орнуудын дотор анх удаа ийм өөрчлөлт орсон аж. Хятадаас хамгийн их зэвсгийг Пакистан улс авсан байна. Тэгэхдээ Хятад зэвсгээ нийлүүлдэг улс цөөнгүй. 2008-2012 оныг 2003-2007 онтой харьцуулбал дэлхийн хэмжээнд зэвсгийн наймаа 17 хувиар өссөн байна. 2008- 2012 онд дэлхий дахинд худалдсан нийт зэвсгийн бараг тэн хагас (47 хувь)- ыг нь Азийн болон далайн орнууд авсан байв. Зэвсэг их хэмжээгээр худалдаж авсан орнуудын эхний тавд Энэтхэг (12 хувь), Хятад (зургаан хувь), Пакистан (таван хувь), Өмнөд Солонгос (таван хувь), Сингапур (дөрвөн хувь) орж байна.
Дэлхийн зах зээлд гаргаж байгаа нийт зэвсгийн долоон хувь нь Персийн булангийн Арабын орнуудад ногдож байгаа бол эндхийн гол нийлүүлэгч нь АНУ аж. Дээрх илтгэлд зарим орныг тусгайлан авч үзсэн байна. Тухайлбал, 2008-2012 онд Сири улсад нийлүүлсэн зэвсгийн 71 хувь нь, Венесуэлд нийлүүлсэн зэвсгийн 60 хувь ОХУ-ынх байжээ.