Их Британид шилжин ирснийх нь дараа Александр Литвиненкод тус улсын тагнуулын байгууллага хамтран ажилласны хөлс хэмээн 90.000 фунт (135.000 ам.доллар) төлжээ. Зөвлөлтийн УАХХ, Оросын ХАХА-ны тагнуулч асан Литвиненкогийн 2006 онд полоний гэдэг бодист хордож нас барсан хэргийг шалгаж буй Их Британийн цагдаад бүрлээчийн бэлэвсэн гэргий энэ тухай мэдүүлсэн аж. "The Sunday times" мэдээлснээр, Британийн тагнуулын газар 2003 оны сүүлч юм уу, 2004 оны эхнээс төлбөр төлж эхэлсэн бөгөөд банкин дахь эхнэр, нөхөр хоёрын хамтын данс руу 18.000 фунт шилжүүлээд байжээ.
Марина Литвиненко дээрх мэдүүлгээ долоон жилийн өмнө нөхрөө нас барсны дараа өгсөн ч дөнгөж одоо л олон нийтэд мэдэгдэж байгаа нь энэ аж. А.Литвиненко хамтарч ажилласныхаа төлөөсөнд Испанийн тусгай албадаас ч шан харамж авсан гэж Британийн хэвлэлд бичжээ. А.Литвиненког Британийн тагнуулын ажилтан байсан гэсэн таамгийг эндхийн олон нийт хэдийнэ дэвшүүлсэн юм. 2012 оны арванхоёрдугаар сард болсон шүүхийн урьдчилсан сонсголын үеэр Литвиненкогийн өмгөөлөгч нь түүнийг MI-6 буюу Их Британийн гадаад тагнуулын байгууллагын хөлсний тагнуулч байсан, "Мартин" гэдэг нууц нэрээр ажиллаж байсныг нотолсон байна.
Тагнуулчийн нас барсан хэргийн учрыг тогтоох шүүхийн үндсэн сонсгол Лондоны тусгай шүүхэд аравдугаар сарын 2-нд эхлэх юм байна.
Х.Энх