Дэлхийн тэрбум гаруй католик шашинт хүмүүст зориулж шинэхэн пап Фрэнсис анхны айлтгалаа хийсэн тухай ВВС мэдээлэв. Түүний айлдварыг сонсох гэж Ариун Питерийн талбайд олон мянган хүн цуглажээ. Пап Фрэнсис Ватиканы сүмийн дээд давхраас олон нийтэд зориулж мэдэгдэл хийснийхээ дараа талбайд гарч, тэнд цугласан хүмүүстэй биечлэн гар барьсан байна.
Мөн бямба гаригт тэрбээр сэтгүүлчидтэй уулзаж, яагаад Фрэнсис хэмээх нэрийг сонгосноо тайлбарлажээ. “Ассисийн ариун Фрэнсис ядуу тарчиг хүн байгаад чин сүсэг бишрэлийнхээ хүчээр бурханы ивээлийг олсон байдаг. Бид хэн байгаад хэн болсноо хэзээ ч мартаж болохгүй. Тийм учраас би энэ нэрийг сонгосон” гэжээ. Ариун Фрэнсис гэгч нь 1181 онд Ассис хэмээх газар мэндэлсэн бөгөөд 20 жилийг шоронд өнгөрүүлж, хүнд өвчин туссаныхаа дараа бурхантай уулзаж, гэгээрлийг олоод үлдсэн амьдралаа хүмүүст буян хийхэд зориулсан санваартан аж.
Пап болсон анхны Латин америк хүн болох тэрбээр хагас сайн өдөр Твиттерт холбогдож, сүсэгтнүүдэд хандаж анхны жиргээгээ хийхдээ “Миний, бас өөрийнхөө төлөө чин сэтгэлээсээ залбираарай. Хүндэтгэсэн, пап Фрэнсис” гэжээ.
Т.ЖАРГАЛ