Пакистаны Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тухай CNN мэдээллээ. Тус улс тусгаар тогтносноос хойших 65 жилийн түүхэнд төрийн эрх барих хүчин ямар нэг бослого тэмцэл, төрийн эргэлтээс үл шалтгаалан бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгосон анхны тохиолдол энэ болсон тухай дэлхийн хэвлэлүүд онцгойлон бичиж байна.
Пакистаны цагаар хагас сайны 19.00 цагт тус улсын Ерөнхий сайд Ража Первез Ашраф ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ “Пакистан улсад тогтсон ардчиллыг хэн ч, ямар ч хүчин зүйл үгүй хийж чадахгүй гэдгийг энэ үйл явдал баталлаа” хэмээжээ. Улмаар ирэх тавдугаар сард болох сонгууль хүртэл түр Засгийн газар байгуулахаар болсон тухай BBC-д бичсэн байв.
Ража Первез Ашрафийн тэргүүлдэг Пакистаны ардын нам 2008 онд Засгийн эрхийг авснаас хойш өнөөг хүртэл гурван ч удаагийн томоохон бослого, Засгийн газрыг огцруулах үймээн тэмцэл болсон ч аль нь ч бүтээгүй юм. Мөн энэ хугацаанд эдийн засгийн өсөлт нь саарч, хүнсний болон эрчим хүчний хомсдол үүсэж байсан ч Засгийн газар нь бүрэн эрхийнхээ хугацааг амжилттай дуусгаж чадлаа. “Бид ард түмэндээ диваажингийнх шиг сайхан амьдрал цогцлоосон гэж хэлж чадахгүй. Харин бид амар тайван, сайхан амьдралын хөрсийг нь бий болгосон гэж бардам хэлнэ” хэмээн Ража Первез Ашраф хэлжээ. Тус улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш 60 хоногийн дотор дараачийн сонгуулийг зохион байгуулах ёстой байдаг аж. Тиймээс ирэх тавдугаар сард парламентын сонгууль болох нь тодорхой бөгөөд ирэх долоо хоногт багтааж сонгууль болох өдрийг товлохоор төлөвлөжээ.
Ража Первез Ашрав Пакистаны ардын намыг толгойж ирэх сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Мөн Тус улсын экс удирдагч Первез Мушараф Пакистаны лалын холбоо намаа удирдаж ирэх сонгуульд оролцох гэнэ. Өдгөө Арабын нэгдсэн Эмират улсад амьдарч буй тэрбээр энэ сарын 24-нд эх орондоо очихоор төлөвлөж буй тухай CNN мэдээллээ. Үүнээс гадна Наваз Шариф, Имран Хан нарын тэргүүлдэг хоёр ч сөрөг хүчин сонгуульд оролцохоор болсон байна. 1962 оноос хойших 12 дахь удаагийн бүх нийтийн сонгуульд санал өгөх эрхтэй 85.4 сая хүн байгаа гэж Пакистаны Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлжээ.
Сонирхуулахад, 2008 онд 10 нам, эвсэл сонгуульд өрсөлдөж, 34.6 сая хүн санал өгснөөс Пакистаны ардын нам 30.6 хувийн саналаар төрийн эрх барих хүчин болж байсан түүхтэй.
Т.Жигүүр