Өнгөрсөн пүрэв гаригт Иракийн нийслэл Багдад хотноо томоохон хэмжээний дөрвөн дэлбэрэлт болжээ. Хотын төвд, олон улсын болон засгийн газрын албан байгууллагууд байрладаг “Ногоон бүс”-ээс холгүй амиа золиослогч бөмбөг тэсэлж, эхний дэлбэрэлт болсон аж. Удаах дэлбэрэлтүүд хэдхэн хормын зайтай болсон агаад Багдадын тэнгэрт хар утаа суунаглаж, хоёр цагийн турш ойр орчимд нь гал авалцсан байна. 18 хүн нас барж, 53 хүн шархадсан талаар цагдаагийн алба хаагчид CNN агентлагт мэдээлжээ.
сүүлчийн бөмбөг Хууль зүйн яамны байранд дэлбэрсэн бө- гөөд амиа золиослогч тус барилгад хэрхэн нэвтэрснийг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байгаа аж. Дэлбэрэлт болсны дараа буутай гурван этгээд яамны барилга руу орохыг завдсан боловч Иракийн тусгай хүчнийхэн тэднийг саатуулжээ. Амиа золиослогчид Иракийн дайн эхэлсний 10 жилийн “ойг угтаж” уг халдлагыг зохион байгуулсан байх хэмээн олон улсын ажиглагчид таамаглаж буйг CNN агентлаг онцолсон байна. 2003 оны гуравдугаар сарын 20-нд АНУ, Их Британи, Австрали, Польшийн цэргүүд Иракийг эзэлсэн билээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН