Америкчуудын болон тус улсад данстай гадаадын иргэдийн санхүүгийн мэдээлэлд хүрэх боломжийг Обамагийн засаг захиргаа өөрийн тусгай албадад олгох гэнэ. Энэ нь хакерын бүлэг, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэгчдийн араас хяналт тавихад үр нөлөөгөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Одоогийн байдлаар санхүүгийн мэдээлэлд нэвтрэх эрхийг ганцхан Холбооны мөрдөх товчоо л эдэлдэг аж. ТТГ, Аюулгүй байдлын үндэсний газар зэрэг бусад байгууллага санхүүгийн мэдээлэл байнга авах эрхгүй. Тийм учраас шаардлага гарах болгонд Санхүүгийн гэмт хэргийн эсрэг тэмцэх сүлжээ рүү тухай бүрд нь ханддаг байж.
Санхүүгийн яамны бүрэлдэхүүнд байдаг Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ нь захиалагчдын хадгаламж сэжигтэйгээр өсч буй талаарх тайланг авч үздэг аж. Жил бүр 15 сая гаруй ийм тайлан авдаг гэнэ. "Сэжигтэйгээр өсөх" гэдэгт 10 мянгаас дээш доллар шилжүүлэх, хууль бус орлогоо нуух, мөн хакерын дайралт, баримт бичиг хуурамчаар үйлдэх зэргийг хамруулж үздэг юм байна. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хамгаалагчдын зүгээс энэ төсөл шүүмжлэл хүлээх нь гарцаагүй гэнэ. Тэгэхдээ энэ төсөл АНУ-ын ямар ч хуулийг зөрчөөгүй гэж хуульчид үзэж байгаа юм байна.
Хуулийн төслийн тухай мэдээллийн араас АНУ-ын Ерөнхийлөгчийн гэргий Мишель Обама, Төрийн Департаментын тэргүүн асан Хиллари Клинтон, Дэд ерөнхийлөгч Жо Байден болон Холбооны мөрдөх товчоо, Лос-Анжелесийн цагдаагийн байгууллагын дарга, зарим хөгжимчин, жүжигчний санхүүгийн мэдээллийг хулгайлсан тухай чимээ сонсогдлоо.