Солонгосын ардын армийн дөрөвдүгээр корпусын байрлалд хийсэн байлдааны буудлагыг Ким Чен Ун өөрөө удирдсан аж. Түүний хэлснээр бол "дайсны зүгээс өдөөн хатгасан тохиолдолд" Шар тэнгисийн арлууд дээр байгаа Өмнөд Солонгосын цэргүүдэд цохилт өгөх нь тэдний гол зорилго байжээ. БНСУ, АНУ хамтран Өмнөд Солонгосын нутаг дээр сургууль хийж буй бөгөөд тэр нь дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх юм.
БНАСАУ-д цөмийн гурав дахь туршилт хийснээс үүдсэн хурцадмал байдал болон Пхеньяны эсрэг авах арга хэмжээг чангатгасан тогтоол гаргахаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зэхэж байгаатай холбоотойгоор уг хамтарсан сургуулийг хийж байгаа билээ. 1950-1953 оны Солонгосын дайны эцэст гарын үсэг зурсан эвлэрэх тухай хэлэлцээр одоо "хүчин төгөлдөр бус болсон" гэж БНАСАУ-ын Ардын зэвсэгт хүчний яамны төлөөлөгч мэдэгдэв.
БНСУ, АНУ-ын цэргийн сургуулиас шалтгаалан, Умард Солонгос өөрийгөө дээрх хэлэлцээрээр хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдсөн гэж үзэж буй аж.