Лхагва гаригийн орой Сикстиний сүмийн яндангаар цагаан утаа гарснаар XVI Бенедиктийг орлох шинэ Пап тодорсныг дэлхий даяар тунхаглав. Нэг цаг орчмын дараа түүний нэрийг олонд танилцуулжээ. Дэлхийн 48 орны католик сүмийн 115 хамба Аргентин улсын хамба Хорхе Марио Бергольог Ромын католик сүмийн тэргүүнээр сонгохоор санал нэгдэж, түүнд нэгдүгээр Фрэнсис алдрыг хайрласан байна. Ингэхдээ хөрөнгөө орхиж, ядуу амьдралыг сонгосон XII зууны үеийн Италийн Ассизи хотын хамба Гэгээн Фрэнсисийн дурсгалыг хүндэтгэжээ. Тэрбээр уламжлалыг эвдсэн анхны Пап болохыг дэлхийн хэвлэлүүдэд онцолж байна.
266 Папын түүхэнд Фрэнсис хэмээх нэрийг хүртсэн нь эхнийх агаад Латин Америкаас сонгогдсон анхны Пап аж. Түүнчлэн Ромын Пап болж байгаа анхны иезуит гэнэ. Шинэ Папыг харахаар Ватиканы Гэгээн Петерийн талбайд цугларсан 150000 католик шашинтнуудын өмнө тэрбээр анх гарч ирэхдээ тэднийг адислахаас өмнө өөрийнхөө болон XVI Бенедиктийн төлөө залбирахыг сүсэгтэн олноос хүссэн байна. Түүнийг ширээнд нь залах ёслол ирэх мягмар гаригт болох гэнэ. Фрэнсис XVI Бенедикттэй утсаар ярьж, түүнтэй уулзахаар төлөвлөснийг Ватиканы хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Итали гаралтай Хорхе Марио Бергольо 1936 оны арванхоёрдугаар сарын 17-нд Аргентиний нийслэл Буэнос- Айрес хотноо төрсөн агаад өдгөө 76 насыг зооглож буй аж. Тэрбээр 1998 онд Буэнос-Айресын хамба ламаар өргөмжлөгдөж байжээ. Хорхе Марио Бергольо шинэ Папаар сонгогдсоныг 1.2 тэрбум католик шашинтнуудын 40 хувийнх нь өлгий нутаг болох Латин Америкийн орнууд талархан хүлээн авсан байна. “Энэ бол Латин Америкийн хувьд зүйрлэшгүй том бэлэг. Бид үүнийг бүтэн 20 зууны турш хүлээлээ. Энэ завшаан их үнэ цэнэтэй олдож байна” хэмээн ПуэртоРикогийн нийслэл Сан Хуан хотын гэлэн Хосе Антонио Круз өгүүлснийг “Associated Press” тэмдэглэжээ.
Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандез де Киршнер шинэ Папад баяр хүргэж, өргөмжлөх ёслолд нь оролцохоо мэдэгдээд байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар ч түүнд баярын мэндчилгээ илгээсэн аж.
Б.ЦЭЦЭГСҮРЭН