Зөвлөлт, Оросын улс төрийн зүтгэлтэн Михаил Горбачевын “Бүх юманд өөрийн цаг хугацаа бий. Миний амьдрал” нэртэй намтарчилсан номын танилцуулга өнгөрсөн мягмар гаригт Германы нийслэлийн төв дэх “Берлинер ансамбль” театрт болжээ.
ЗХУ-ын Ерөнхийлөгч асан номондоо Умард Кавказад өнгөрүүлсэн бага, залуу нас, Москвад оюутан байсан үе, улс төрийн амьдрал, Чернобылийн АЦС-д гарсан осол, ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцинтэй ямар харилцаатай байсан, 1991 оны наймдугаар сарын үйл явдал зэргийн тухай бичжээ.
Раиса Максимовнатай тогтоосон хайр сэтгэлийн түүх 550 хуудастай энэ номд олонтаа гардаг аж. “Миний анхны хайр бол гэргий минь, хоёр дахь нь улс төр” гэж Михаил Горбачев энд хэлсэн байна. 1990 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн энэ хүн гэргийгээ 1999 онд өвчнөөр өөд болсонд өөрийгөө буруутай гэж үздэгээ нуусангүй. “1985 онд ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод, урьдынх шигээ л бид амьдрах хэрэгтэй гэж би гэргийдээ хэлсэн. Гэтэл ажил маань асар хүнд хөдөлмөр байж, бидний бүх хүч чадлыг барсан. Миний буруу гэвэл тэр хүн миний хувь заяа, бухимдлыг хуваалцах ёстой байсан юм” гэж Горбачев хэлсэн байна.
Чухам гэргийгээ нас барахад л энэ номыг бичихээр тэр шийдсэн аж.
Р.ЖАРГАЛАНТ