Манай улсад айлчилж буй Европын Холбооны Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблейн ерөнхийлөгч Рикардо Мильори тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр хүлээн авч уулзав. Төрийн тэргүүн энэ үеэр “Манай улсыг дэмжин Европын Холбооны Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсүүлсэнд талархаж байна. Бид бүс нутагтаа манлайлах үүрэг гүйцэтгэхийг хичээж байгаа. Эрх зүй, аюулгүй байдлын системээ ард түмнийхээ эрх ашигт нийцүүлэн өөрчлөхөөр хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Мөн эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй орон болж, авлигыг бууруулахад ахиц гаргасан. Ардчилал гэдгийг эрх барьж буй хүнийг солихыг биш, энэ нь институцийг өөрчилж, эрх мэдлийг ард түмэнд шилжүүлэхийг хэлдэг гэж би ойлгодог. Монгол АОХН-ийг даргалж байгаа. Ирэх дөрөвдүгээр сарын 29-нд гишүүн орнуудын сайд нарын бага хурал хийхээр ажиллаж байна” гэж ярьжээ. Мөн цаазаар авах ялыг халахаар ажиллаж буйгаа дуулгасан байна.
Ноён Рикардо Мильори хэлэхдээ “Танай орон бүс нутагтаа эрх чөлөөний үлгэр загвар болж, ардчилсан өөрчлөлтийнхөө хорь гаруй жилд эдийн засгийн салбарт төдийгүй хүний эрхийн чиглэлээр том амжилтад хүрсэн байна. Цаазаар авах ялыг халсныг манай байгууллага өндөр үнэлж байна. Кыргызтэй бид хамтарч ажиллаж байгаа. Кыргыз болон Азийн бусад оронд ардчиллын үлгэр жишээ, тусламж хэрэгтэй байгаа. Монголыг оруулаад Төв Азийг бүхэлд нь бид стратегийн чухал газар гэж үздэг. Бид парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна. Бага багаар урагшилж л байна. Бид аюулгүй байдлын асуудалд онцгой анхаардаг” гэлээ.