Дэлхийн 48 орны католик хийдийн 115 хамба Ромын 266 дахь Папыг сонгохоор өчигдөр Ром хотноо хурав. Өглөөний мөргөлөө үйлдсэний дараа тэд Сикстиний сүмд нууц зөвлөлгөөнөө эхэлсэн бөгөөд журам ёсоор шинэ Пап тодрох хүртэл нэг ч хамбыг гаргахгүй аж. Ромын 265 дахь хамба XVI Бенедикт сайн дураар огцорч, өнгөрсөн сарын 28-нд ширээгээ орхисноор түүний орыг залгамжлах хамбыг сонгох шаардлагатай болсон билээ. Миланы хамба лам Анжело Скола, Бразилийн Одило Шерер нар өдгөө папын суудлын төлөө өрсөлдөх хамгийн хүчтэй нэр дэвшигчээр нэрлэгдэж буй аж. Хэрвээ Анжело Скола сонгогдвол тэрбээр папын эрх мэдлийг эх орондоо 35 жилийн дараа авчрах гэнэ.
Харин Одило Шерер уг суудалд заларвал Европын бус гаралтай хамба Ромын католик хийдийн тэргүүний алба хашсан 1300 жилийн дараах тохиолдол болох юм. Түүнчлэн АНУ-ын Тимоти Долан, Шон О’Мэлли, Канадын Марк Уэлле, Аргентины Леонардо Сандри нар католик хийдийн 266 дахь папын суудлын төлөө өрсөлдөж буй гэнэ. Католик хийдийн тэргүүн хамбыг тодруулахын тулд өдөрт дөрвөн удаа санал хураах аж. Эхний санал хураалтаар папыг сонгож чадахгүй бол дараагийнхыг эхлүүлж, 77 хамба буюу нийт оролцогсдын гуравны хоёр нь тухайн нэр дэвшигчид санал өгөх юм байна.
2005 онд 265 дахь папыг сонгох санал хураалт 24 цаг үргэлжилж, дөрвөн удаа явагдсаны эцэст XVI Бенедикт Жозеф Ратцингерыг сонгож байсан аж. Гэвч энэ удаагийнх олон цагаар үргэлжлэхийг Өмнөд Африкийн католик хийдийн хамба Уилфрид Фокс Напиер онцлоод, “Өрсөлдөгчдийн байр суурь ойролцоо байгаа учраас нууц зөвлөлгөөн дөрөв юм уу, таван хоног үргэлжлэх магадлалтай” хэмээжээ. Хэрэв шинэ пап сонгогдвол сүмийн оройгоос цагаан утаа, үгүй бол саарал утаа гаргаж олон нийтэд мэдээлэх аж. Нууц зөвлөлгөөний үед хамба нарын үйлчлэгч, цэвэрлэгч, эмнэлгийн ажилтан нийлсэн 90 албан хаагч нууцыг чандлахаа амлаж, өнгөрсөн даваа гаригт тангараг өргөсөн байна.
Б.СҮРЭН