Венесуэлийн ЭСЯ-ны хоёр ажилтныг эх орноосоо явуулсан нь Америкийн хоёр дипломатчийг хөөсний хариуд авч буй арга хэмжээ гэж АНУ-ын эрх баригчид тайлбарлав. Ийм тайлбарыг Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч хатагтай Виктория Нуланд уржигдар хийжээ. “Бидний авсан арга хэмжээг шударга бус гэж үзэж буй бол хариу үйлдэл хийж, өөрийн байр суурийг тайлбарлаарай” гэж тэрбээр хэлсэн байна.
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын эсрэг цэргийн эргэлт зохион байгуулахыг оролдсон хэмээн сэжиглэж Америкийн ЭСЯ-ны цэргийн хоёр атташег Венесуэлээс гаргасан нь энэ сарын 5-нд тодорхой болсон юм. Уго Чавесын амьсгал хураасан тухай мэдээлэхээсээ өмнөхөн Венесуэлийн Дэд ерөнхийлөгч Николас Мадуро энэ тухай зарласан байна. АНУ-тай тогтоосон дипломат харилцаагаа хэвийн болгох тухай асуудлыг Уго Чавес амьд сэрүүн байхдаа 2013 оны хоёрдугаар сард хөндөж байв. Энэ нь юуны түрүүнд Венесуэлийн Элчин сайдыг Вашингтонд, АНУын Элчин сайдыг Каракаст буцаан суулгана гэсэн үг байлаа.
Америкаас Венесуэлд суулгахаар нэрийг нь дэвш үүлсэн хүнийг Уго Чавес зөвшөөрөхөөс татгалзсанаас 2010 онд энэ хоёр улсын дипломат харилцаа тасарсан юм. АНУ ч үүнд мөн хариу арга хэмжээ авсан билээ. Венесуэлийн шинэ эрх баригчидтай “үр бүтээлтэй харилцаа” хөгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа Уго Чавесыг нас барсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама илэрхийлсэн юм.
Р.ЖАРГАЛАНТ