Яг хоёр жилийн өмнө, гуравдугаар сарын 11-нд Японд газар хүчтэй хөдөлж, цунами болж тус улсын умард эрэгт ихээхэн гамшиг тарьж "Фүкүшима-I" АЦС-д осол гарсан билээ. Энэ гамшгийн золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ өчигдөр Японд болов. Токио хотод болсон нэг арга хэмжээнд Ерөнхий сайд Синзо Абэ болон түүний Танхимын гишүүд оролцлоо. Өнгөрсөн долоо хоногийн туршид Япон улс дайнаас хойших түүхэндээ тохиолдсон хамгийн эмгэнэлт явдлыг эргэн дурслаа. Байгалийн гамшигт өртс өн хүмүүсийн яриа, дүрвэгсдийн хувь заяаны тухай нэвтрүүлэг телевизийн сувгуудын хөтөлбөрийн ихэнх хэсгийг эзэлж байв. Сэргээн босгох ажлыг эрчимтэй хийж буй ч дуусах яагаа ч үгүй.
Орон нутгийн удирдлагын хэлж буйгаар бол уг ажилд 3-15 жил шаардагдах бололтой. Байгалийн гамшгийн "хөлд" бусдаасаа илүү өртсөн Мияги Фүкүшима, Ивате мужийн нийт 72 мянган хүн нутгаа орхисон аж. Түүнээс гадна амьд үлдсэн хүмүүсийн дотор сэтгэхүйн хямралд орсон хүн ч олон байгаа гэнэ. Гамшигт өртсөн нутгийн сургуулиудад төгсөлтийн шалгалтууд болж, 2011 онд аравдугаар ангид сурч байгаад амиа алдсан хүүхдүүдэд дунд сургууль төгссөнийг нь гэрчлэх дипломыг нөхөн олгож байгаа аж. Ивате муж улсын Номхон далайн эрэг дээрх Рикузэнтаката гэдэг хотод цунамийн цохилтыг тэсэж өнгөрөөсөн нэгэн аварга нарс мод сая сая япон хүний хувьд сэргээн босгох үйлсийн бэлгэдэл болж үлдсэн байна. "Найдварын энэ модонд" зориулж хөшөө босгожээ. Харамсалтай нь 27 метр өндөр уг мод хатаж гандаад хэзээ ч унахад бэлэн болсон тул түүнийг пластик материалаар дууриалгаж үйлдэхээр нутгийн оршин суугчид шийдсэн байна.
Номхон далайн газар дор үүссэн 9.0 магнитудын хүчтэй түлхэлт Японы Хонсю арлын эрэг орчимд айхтар сүйрэл учруулж, далайн улс зарим хэсэгтээ 40 метр өндөр давалгаалсан билээ. Энэ гамшиг бүхэл бүтэн хотыг сүйтгэж, "Фүкүшима-I" АЦС осолд орсноос ихээхэн хэмжээний газар нутаг радио идэвхт бодисоор бохирдож хордсон юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол 2011 оны гуравдугаар сарын 11-ний эмгэнэлт явдлын уршгаар 15881 хүн амиа алдсан байна. Бас 2668 хүн одоо болтол сураггүй байгаа аж. Байгалийн гамшиг нүүрлэсэн хар өдрийг дурсацгаах зуур нь “Time” сэтгүүлд нэгэн таагүй мэдээ нийтлэгджээ.
Токиогийн их сургуулийн дэргэдэх Японы Газар хөдлөлийн судалгааны нийгэмлэгийн эрдэмтэд ирэх 2016 онд Токио хотод 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөх магадлал 70 хувьтай байна гэсэн мэдээг олон нийтэд хүргэв. Сонирхуулахад, дэлхийн нийт газар хөдлөлийн 20 хувь нь Японы газар нутагт тохиодог аж.
Р.ЖАРГАЛАНТ