Японы Фүкүшима мужийн атомын цахилгаан станц (АЦС)-ад тохиолдсон ослын улмаас өөр газар шилжүүлсэн 34 мянга гаруй хүн дор хаяж дөрвөн жилийн хугацаанд нутагтаа эргэн ирж чадахгүй хэмээн "Асахи" сонинд мэдээлэв. Осол болсон АЦС-ын ойр хавийн нутгийн байдлыг цэгнэж үзээд Японы Засгийн газар хэсэг районы, тэр дундаа станцаас хааш хаашаа 20 км газарт буй иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр урьд нь гаргасан шийдвэрээ цуцлахад бэлэн байгаа аж. Түүнээс гадна хүмүүс нь хэзээ буцаж ирэхийг тодорхойлоход түвэгтэй байгаа районуудыг Японы эрх баригчид нэрлэжээ. Үүнд 26 мянган хүн оршин сууж байсан долоон суурин газар багтж байгаа аж.
"Фүкүшима-I" станцад гарсан ослоос хойш хоёр жил өнгөрөхөд тус муж улсын нутаг дэвсгэрт хордлогын түвшин мэдэгдэхүйц буурчээ. Гэлээ ч 20 жилээс нааш хүн амьдран сууж боломгүй районууд энд бийг шинжээчид урьд нь анхааруулж байсан билээ. Газар нутгийн хордлогыг бууруулах далайцтай арга хэмжээг одоо Японы Засгийн газар авч байна. 2011 оны гуравдугаар сарын 11- нд "Фүкүшима-I" АЦС-д болсон осол нэг дор гурван реакторын цөмийн түлшийг хайлмал байдалтай болгож орхисон юм. Тиймээс станцын ойролцоогоос 80 мянган хүнийг нүүлгэхээс аргагүй болсон. Энэ хайлмал түлшийг гурван реактороос зайлуулах ажлыг 2022 оноос нааш хийж чадахгүй.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол энэ АЦС-ыг 40-өөс доошгүй жилийн хугацаанд бүрэн задалж аюулгүй болгох аж.