ОХУ-ын нефтийн магнат “Роснефть” компани “Glencore International”, “Vitol” компанид газрын тос нийлүүлэх гэрээ байгуулсныг “Reuters” уламжиллаа. Гэрээнд тусгаснаар “Роснефть” тэдгээр компанийг нийт 67 сая тонн түүхий нефтиэр хангах бөгөөд нийлүүлэлт эхлэхээс өмнө 10 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийг тэднээс авах гэнэ. Энэ сарын 4-нд тус гэрээг үзэглэсэн бөгөөд “Glencore”-т 46.9, “Vitol”-д 20.1 сая тонн түүхий нефть нийлүүлэхээр талууд тохиролцсоныг “Роснефть” компани лхагва гаригт мэдэгджээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард худалдан авагч талууд ОХУ-аас их хэмжээний нефть худалдан авахын тулд 10 тэрбум ам.долларын зээл хүсэж, банкуудад хандсан тухай “Reuters” агентлагт мэдээлэл ирж байсан гэнэ. “Роснефть” нь TNK-BP компанийг 55 тэрбум ам.доллараар худалдан авахаар санхүүжилт эрж буй учраас тус гэрээ нь хар алтны магнатад сайхан боломж олгосон аж.
Б.ЦЭЦЭГСҮРЭН