Дэлхийн тэрбумтнуудын тоо өнгөрсөн онд 1426 болж өссөнөөс гадна нийт орлого нь 5.4 их наяд ам.долларт (2011 онд 4.6 их наяд байсан) хүрсэн гэж “Forbes” сэтгүүл мэдээллээ. Тэд уламжлал ёсоор жил бүрийн өдийд тэрбумтнуудын эрэмбийг нийтэлдэг бөгөөд энэ жил Мексикийн иргэн, харилцаа, холбооны зах зээлийн магнат Карлос Слим Хелу (73 тэрбум ам.доллар) тэргүүлсэн байна. Ийнхүү тэрбээр гурван жил дараалан дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо. Тус сэтгүүлд бичсэнээр энэ жил дэлхийн хэмжээнд 210 тэрбумтан шинээр “мэндэлсэн” ажээ.
Мөн энэ жилийн жагсаалтад нэгэн сонирхолтой үзүүлэлт ажиглагдсан нь тэрбумтнуудын тоогоор Ази, Номхон далайн бүсийнхэн тэргүүлсэн нь юм. Ази тивээс 386 тэрбумтан жагсаалтад бичигдсэн бол Европ (366), АНУ (129) удаалсан байна. Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг Билл Гейтс удаалж, Испанийн иргэн, “Zara”-гийн гүйцэтгэх захирал Амансио Ортега гуравт бичигдэв.
Харин “Facebook”-ийг үндэслэгчид болох Марк Зукерберг (28 нас, 13.3 тэрбум), Дастин Московиц (28 нас, 3.8 тэрбум) нар хамгийн залуу тэрбумтан болжээ. Сонирхуулахад, “Forbes” сэтгүүл уг жагсаалтыг 27 дахь жилдээ гаргаж буй юм.
Т.Жигүүр