Японы төвийн нутгийн Хонсю болон Хоккайдо арлын умард хэсэгт их цас орсноос таван хүн нас барсан гэж тэндхийн хууль сахиулах байгууллагынхан мэдээллээ. Гурван хүүхэдтэйгээ явж байсан эхийн машин дээр цасан нуранги унаж, тэд машинаасаа гарч чадахгүй байсаар хийн угаарт цохиулж амиа алдсан байна. Тэднийг байгалийн ийм гамшигт өртсөнийг тухайн нутгийн оршин суугчид аврах албаныханд мэдэгдсэн ч байгалийн “муухай аашнаас” болоод аврагчид хоёр цагийн дараа очжээ.
Өөр бас нэг эмгэнэлт явдал Юбецу (Хоккайдо арлын) хотод тохиолдсон байна. Есөн настай охиноо цасан дороос авах гэсэн эцэг нь осгосноос эмнэлэгт амьсгал хураажээ. Охины амь насанд аюул учирсангүй. Японы умард нутагт хоёр эрэгтэй хүн сураггүй болсон гэнэ. Акита мужийн хурдан галт тэрэг “Шинкансен” замаасаа гарсан нь бас л цаснаас болсон аж. Галт тэргэнд явсан 130 зорчигчоос азаар нэг нь ч осолдож гэмтээгүй байна.
Р.ЖАРГАЛАНТ