Египетийн жагсагчид Ерөнхийлөгч Мохаммед Мурсийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхдээ “Лалын ахан дүүс” хөдөлгөөний төв байрны дэргэд “Harlem Shake” гэдэг дуу дуулж бүжиглэсэн байна. Түүнд 400 залуу оролцож лалын шашныхны эсрэг уриа лоозон хашгирч, Төрийн тэргүүнээ огцрохыг шаардаж байжээ. “Лалын ахан дүүс”-ийн байрыг цагдаа хүчлэн хамгаалж байсан ч жагсаал аядуу өндөрлөжээ. Ерөнхийлөгч М.Мурсийн талынхан болон сөрөг хүчнийхний хооронд сүүлийн хэдэн сар ширүүн тэмцэл үргэлжилж буй юм.
Олон хүн оролцсон эсэргүүцлийн арга хэмжээнүүд ихэнхдээ нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болгож байв. Үндсэндээ лалын шашинтнуудаас бүрдсэн Сайд нарын танхимыг огцруулахыг сөрөг хүчин шаардаж буй бол Ерөнхийлөгч М.Мурси дөрөвдүгээр сард хийхээр товлосон Парламентын сонгуулийн дараа л шинэ Засгийн газар төвхнөнө гэж үзэж байгаа. Араб дахины бусад оронд Засгийн газрынхаа эсрэг тэмцэж буй хүчнүүд ч египетчүүд шиг “Harlem Shake”-г дуулж бүжиглэж байгаа гэнэ. Тухайлбал, Тунисийн сөрөг хүчин эрх баригчдынхаа бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхдээ Боловсролын яамныхаа дэргэд өчигдөр мөн дуулж бүжиглэсэн байна.