Уго Чавес удаан хугацааны турш “Бие сэтгэлээ улс орондоо зориулж байсны улмаас эрүүл мэндээрээ хохирсон юм” гэж Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Дэд ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн байна. “Тэрбээр венесуэл хүн бүрт хэвийн амьдрал, ажил, гэр, эрүүл мэнд, хоол хүнс, боловсрол өгөх гэж явсаар өөрийгөө умартсан юм” гэж эцэст нь хэлжээ. У.Чавесын эрүүл мэндийн байдлын талаар Н.Мадуро “Ерөнхийлөгч амьдралын төлөө тэмцэж байна. Бид ч түүнд тусалж байгаа” гэсэн аж.
У.Чавесыг нас барсан гэж Панам улсаас Америкийн улсуудын байгууллагад Элчин байсан Гильермо Кочес мэдэгдэж шуугиан дэгдээсний хариуд Мадуро ийм тайлбар хийсэн байна. Г.Кочес хоёрдугаар сарын 27-нд мэдэгдэхдээ, өөрт нь байгаа нууц мэдээллээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцсээр Чавесын тархи үхжисэн нь илэрхий болсон бөгөөд хоёр сар хиймэл амьсгалын аппараттай байсан гэсэн аж. Панамын дипломатчийн хэлсэн энэ үгийг Венесуэлийн ГЯЯ эрс няцаажээ.
Тэр ч бүү хэл У.Чавес эмчлүүлж байхдаа ч улс орноо удирдсаар, зөвлөхүүддээ тогтмол үүрэг даалгавар өгч байгаа хэмээн Венесуэлийн эрх баригчид сүүлийн хэдэн долоо хоногт шаргуу мэдэгдэж байгаа юм. Гэтэл У.Чавесыг эргэхээр Каракаст хоёрдугаар сарын 20-нд зориуд хүрч ирсэн түүний гадаад бодлогын ойрын хамтран зүтгэгч, Боливын Ерөнхийлөгч Эво Моралесыг уулзуулахаас татгалзсан билээ.
Р.ЖАРГАЛАНТ