Христосын шашны 2000 жилийн түүхэнд сүүлийн 600 жилд анх удаа сайн дураараа огцорч буй Ромын 265 дахь хамба XVI Бенедикт өчигдөр албан ёсоор ширээгээ орхив. Тэрбээр энэ ёслолоос өмнө Гэгээн Петрийн талбай дээр сүүлчийн удаа хүмүүсийг хүлээн авч уулзахад сүм хийдийн дээд зиндааны хуврагууд, гадаадын өндөр хэмжээний зочид, сүсэгтний төлөөлөгчид зэрэг 150 мянга шахам хүн ирсэн байлаа.
"Хүч тамир маань намайг орхиж буй учир би суудлаасаа татгалзаж байна" хэмээн хамба лам дахин учирлаад, гэлээ ч сахил санваартаа үнэнч хэвээр байж, сүмд мөргөл хийж байх болно гэсэн байна. Тэрбээр өчигдөр Ромын католик хийдийн тэргүүний хувиар хамба нар болон Ватиканы Засгийн газрын гишүүдтэй Ромын сүмүүдийн хонхон дуун дор сүүлчийн удаа уулзаад Италийн Агаарын цэргийн хүчний нисдэг тэргээр хамбын Кастель Гандольфо өргөөнд очсон байна.
Тэнд сүсэгтнүүдтэй богино хугацаанд мэндчилээд өндөр суудлаасаа огцорлоо. Ордны оройгоос хамбын сүлдтэй тугийг буулгаж, Швейцарийн гвардичууд байр, суудлаа бас орхив. Үүнээс хойш хамбуудын чуулганаар орны нь хүнийг тодруултал хамбын суудлыг суларсан гэж үздэг юм. XVI Бенедикт Кастель-Гандольфод барагцаалбал хоёр сар болно. Энэ өргөө XVIII зуунд Барбериний гэр бүлийнхнээс Ромын тэргүүн хамбын өмчид шилжсэн юм байна. Унтарсан галт уулын тогоон дотор үүссэн Альбано нуурын энэ өндөр эрэг дээр эхлээд эзэн хаан Домицианы харш байдаг байж. Орных нь хүнийг томилохоор Бенедикт Ватиканы толгойн орой дээр байдаг хуучин сүмийн байшинд шилжин суурьшина. Тэнд одоо засвар хийж буй бөгөөд ингэх үүргийг Йозеф Ратцингер (Бенедикт) өөрөө хоёр сарын өмнө өгсөн байна. Энэ байшинг 1994 онд өмнөх хамба II Иоанн Павелын шийдвэрээр бусад улсуудаас энд ирэх гэлэнмаа нарт зориулж босгожээ. Энд байх гэлэнмаа нар таван жил болоод солигдоно. Бенедиктийн үеийн гэлэнмаа нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эндээс явжээ.
Халаагаа өгч буй хамба цаашид Бенедикт хэмээх сахилын нэрээ хэвээр хадгалах аж. Түүнчлэн "хүндэт Пап" юм уу, "Ромын хүндэт их хамба" хэмээн нэрших юм байна. Мөн түүнд "Эрхэм дээдэс" хэмээн хандаж болно. Бенедикт цагаан өнгийн урт хувцас, мексик урчуудын хийсэн гутал өмсөж байх аж. Тийм гутлыг Өмнөд Африкт айлчлахад нь бэлэг болгож өгсөн байна. Уг гутлыг тэрбээр өмсөх их дуртай гэнэ. Түүнийг жирийн сүсэгтний ёсоор аж төрөхөд нь хувийн нарийн бичгийн дарга Германы хамба Георг Генсвайн, ахуй амьдралд нь туслах дөрвөн гэлэнмаа үйлчилж байх аж. Шашин номлогч, сэтгэгч, эрдэмтэн, хөгжимчин, Германы Баварын тэргүүн хамба Йозеф Ратцингер II Иоанн Павелыг өөд болсны дараа 2005 оны дөрөвдүгээр сард 78 насандаа Ромын хамбын суудалд заларсан юм. Эндхийн бүх лам хийдийн албанаас хөндийрөх тухай өргөдлөө бичих ёстой болдог 75 насандаа тэрбээр өөрийг нь "тэтгэвэрт гарахаар" Ватиканы номын санд ажиллуулахаар томилохыг II Иоанн Павелаас хүсэж байсан аж.
XVI Бенедикт бараг найман жил тун амаргүй алба хашсан гэж хэлж болно. Олонд ихэд нэр хүндтэй болсон, хүмүүс ихэд хайрладаг Иоанн Павелыг орлох нь эхнээсээ л яггүй ажил байв. Тэгж байтал элдэв хэл ам ар араасаа цуварсан. Лам нар нь хормой хотны явдалтай орооцолдож, авлигын асуудал ч яригдаж, Ватиканы банк (Шашны хэргийн хүрээлэн) луйврын гэх хэл аманд өртлөө. Бенедиктийн хувийн ажилтнуудаас нь нууц баримт бичиг ч алдагдав. Хамбын эсрэг хуйвалдаан байв уу, эсвэл Ватиканы нууц асуудлуудыг гадагш нь түгээх гэсэн оролдлого уу гэх мэт олон асуултыг энэ явдал хариултгүй үлдээв. Бенедикт албан үүргээсээ татгалзахад хүргэсэн цорын ганц шалтгаан нь түүний эрүүл мэндийн байдал, үүрэгт ажлаа хийхэд тамир нь хүрэхээ байсан явдал юм. Бас түүний нас ирэх дөрөвдүгээр сард 86 хүрнэ. Гэхдээ энэ хамбын өмнө илүү гүнзгий, өргөн цартай түвэгтэй байдал бий болсон гэж шинжээчид үздэг. Энэ нь лалын болон иудаин шашинтай тогтоосон харилцаанд хямрал бий болсон явдал. Түүнчлэн католик шашны гол хийдийн дотоод дахь зөрчил аж. Бүхэлд нь авч үзвэл, сүм хийдийнхэн ч, сүсэгтнүүд ч Бенедиктийн гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй, сайхан сэтгэлээр хандлаа. Энэ зоригтой алхам "Сүм хийдийг бурхан залуурддаг, Ромын хамба лам бол ердөө л мах цусанд төрсөн хүн" гэдгийг харууллаа гэж ватикан судлаач Марко Полити ИТАР-ТАСС-ын сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна.
Р.ЖАРГАЛАНТ