Онц аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог “Далайн хар гахай” хэмээх шорон Оросын Оренбург мужийн Соль-Илецк хотод байдаг аж. Тэнд хэрцгий гэмт хэрэгтэн, гаж донтон, алан хядагчид зэрэг нэг нь л гэхэд хэд хэдэн хүний аминд хүрчихсэн, насаараа хоригдох ял авсан 1000 шахам “амьтан” байдаг юм байна.
Орох хаалганых нь хажууд байдаг далайн хар гахайн баримлаас үүдэн уг шорон ийм нэртэй болжээ. Эндээс нэг ч хоригдол оргож байсан удаагүй гэдэг. Бусад шоронгоос ялгаатай онцгой дэглэм энд үйлчилдэг тул оны ялгаа, дэглэх гэх мэт гажууд ёс ч байдаггүй гэж байгаа.
Энд бас дэглэм журам зөрчих нь ямар ч утга учиргүй, яагаад гэвэл хэзээ нэгэн цагт эрх чөлөөтэй болох аливаа горьдлого үгүй болно.
“Далайн хар гахай”-г албан ёсоор ЮК-25/6 гэж нэрлэнэ. Эндхийн хоригдлууд цаазын ял хэрэглэх эсэх талаар санал асуулгад оролцлоо гэж бодоход бүгд дэмжинэ. Өөрөөр хэлбэл өөртөө цаазын ял оноохын төлөө санал өгнө гэсэн үг. Бүр хатан хаан Екатеринагийн үед хугацаагүй цөлөгдсөн хүмүүсийг “агуулж” байсан энэ улаан тоосгон барилгын дотор байгаа хүмүүс уг айдас хүрэм байшинг уянгалаг нэртэй болгоход хүргэсэн далайн хар гахайн баримал хийгээд усан оргилууруудыг өөрийн нүдээр үзээгүй байдаг. Яагаад гэвэл насаараа хоригдох ял авсан этгээдийг Соль-Илецкийн газар шороон дээр гишгэмэгц нь толгойд нь ёрог даавуун хүүдий углаж орхино. Энэ нь тухайн хоригдлын аюулгүй байдлыг хамгаалахад ч зориулагдана. Энд ирж буй ялтнууд нэг зуугаар тогтохгүй хүний аминд хүрсэн, чухамдаа хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэнүүд байдаг юм. Тухайлбал Олег Рыльков гэгч л гэхэд 8-9 настай 37 охиныг доромжилсон байх жишээтэй. “Жирийн дэглэмтэй шоронд бол ийм этгээдүүдтэй яаж харилцах вэ. Агшин зуурт тасчаад хаячихна биз дээ” гэж шоронгийн харуулууд ярина.
Хоригдлуудаас цусан өшөө авахыг ч үгүйсгэх аргагүй. Ойролцоох байшингуудын цонхоор шоронгийн хашаа тодхон харагддаг болохоор хэн нэг нь тэндээс үхлийн сум илгээхийг байг гэх газаргүй. Тийм учраас хэн ирж буйг нь нууцлах үүднээс хоригдлуудын толгойд хүүдий угладаг хэрэг. Гартаа гавтай хоригдлууд галзуурсан мэт хуцан тэмүүлэх нохдыг уяанаас нь чангаан арай гэж тогтоох харуулуудын дундуур гүйж, үхэн үхтэлээ байх энэ газар руу ордог юм. Орост цаазаар авах ялыг 1996 онд халсан. Гэхдээ тангарагтны шүүхийг хэрэглэх болсноор үүнийг өөрчилнө гэх яриа бий. Ял эдлүүлэх тогтолцоонд өөрчлөлт оруулах талаар ажилладаг олон хүн цаазын ялыг байлгах нь зүйтэй гэсэн бодолтой байдаг. Цаазын ялыг тэд хэтэрхий зөөлөн шийтгэл гэж үздэг юм. Одоогийн байдлаар насаараа хоригдох ялтай 3500 гаруй хүн Орост байгаа аж. Цаазын ялыг дахин бий болголоо ч хуулийг буцааж хэрэглэхгүй учраас эдгээр хоригдолд уг ял үл хамаарна.
“Далайн хар гахай” нь одоогоор үхлийн ялтай хүмүүсийн хамгийн том тусгайлсан шорон юм. Түүнийг 1000 хоригдолтой байхаар тооцоолсон юм билээ. Хоригдлуудын зураг, нэрийг өрөөнийх нь үүдний хажуугийн ханан дээр хадсан байна. 3-4 ам метр талбайтай өрөө нь гадна талын хаалга хийгээд цонхноос тороор тусгаарлагдана. Шаланд бэхэлж тогтоосон давхар ор өрөөний хоёр талд байна. Угаалтуур, жорлон нь дотроо. Цонхоор нь тэнгэр үл харагдана. Хоригдлууд шоронгийн хашаанд гарах үедээ л тэнгэр харах боломжтой ч харамсалтай нь тэдний нүдийг боож гадагш гаргана. Өдрийн туршид орон дээрээ сууж болдоггүй. Энэ журмыг зөрчвөл резинэн бороохойн амт үзэж, сахилгын шийтгэл хүлээнэ. Нэрд гарсан чечень эр Салман Радуев энд байх эхний үедээ шоронгийн дүрмийг хайхрахгүй том толгой гаргах гэж оролдоод тун удалгүй номхорч бусдын адил болсон гэдэг. Хоригдлууд өрөөндөө байхдаа шаланд бэхэлж тогтоосон, мухар төмөр сандал дээр л суух эрхтэй байдаг. Төмөр ширээний ард суугаад ном уншиж, захидал бичиж болно. Шоронд өөрийн гэсэн радиотой.
Жилд хоёр удаа төрөл, төрөгсөдтэйгээ уулзахыг зөвшөөрдөг. Гэхдээ энд хоригдсон хүмүүсээс төрөл садан нь нүүр буруулах нь олонтаа. Эхлээд тэд ял авсан хүмүүсээ өрөвддөг ч тэр нь хэд хэдэн хүний амь хороосныг дуулаад харамсахаа больдог” гэж шоронгийн ажилтнууд ярина. Шоронгийн өрөө рүү хаалган дээрх шагайвраар сэм харвал хаалт тай энэ ертөнцийн амьдрал нүдний өмнө тодорно. Зарим хоригдол цонхоор орж ирсэн нарны зурвас гэрлийг хараад хөдөлгөөнгүй болчихсон байна. Зарим нь зогсолтгүй холхино. Нөгөө нь мухар сандал дээр суусан харагдана. “Далайн хар гахай”-д хоригдож байсан хүмүүсийн нэг нь “тракторчин” хочит Салаудин Темирбулатов юм. Дудаевын дайчдын хурандаа байсан энэ хүн орос цэрэг цаазалж байгаа бичлэгийг дэлхий дахин үзсэн. Тэгвэл Чеченийн зард гарсан алуурчин эндхийн хамгийн томоотой хоригдол байсан аж. Хүний толгой авахдаа өчүүхэн ч жийрхдэггүй байсан нөгөө өршөөлгүй алуурчин чинь мөн үү гэхээр байсан юм гэсэн Онолын хувьд 25 жил шоронд хоригдож суусны нь дараа хоригдлуудад өршөөл үзүүлэх талаар ярих боломжтой гэж үздэг.
Канадын эрдэмтэн Жон Силье хүний организмд бухимдал (стресс) ямар нөлөө үзүүлдгийг тодорхойлсон бөгөөд түүнийг “Сильегийн муруй” гэж нэрлэдэг. Түүгээр бол эхний жил эндхийн хоригдлууд шинэ нөхцөл байдалтайгаа танилцаж, түүнд өөрөө хэрхэн зохицохоо мэдэх гэж хичээдэг байна. Дараах гурван жил нь тогтворжих үе байх бөгөөд энэ хугацаанд хүн робот маягтай болж, шоронгийнхны аливаа командыг үг дуугүй биелүүлэх болдог. Цаашдаа хоригдол робот байх явцаа үргэлжлүүлнэ, эсвэл ухаан санаа нь ч, бие бялдар нь ч доройтож амьд сүг болж ирнэ. Чухам тиймээс ч өршөөл хүсэхийн оронд цаазлаад өгөхийг хүсдэг биз ээ.
Р.ЖАРГАЛАНТ