Талийгаач аавынхаа цусанд будагдсан цамцыг угааж, БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордонг 34 жилийн өмнө орхиж явсан Пак Гын Хе өчигдөр Хөх ордонд улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн хувиар эргэж ирэв. 1963-1979 онд БНСУ-ын Төрийн эрхийг гартаа атгаж байсан Ерөнхийлөгч Пак Чон Хегийн ууган охин тэрбээр өчигдөр өглөө Үндэсний Ассамблейн ордны өмнө тангараг өргөж, БНСУ-ын Ерөнхийлөгчийн ажлыг албан ёсоор хүлээж авлаа.
Аавыг нь хороохоор завдсан Хойд Солонгосын төлөөлөгч 1974 онд ээжийнх нь амийг бүрэлгэсний дараа Пак Гын Хе эхийгээ орлож, 22-хон насандаа БНСУ-ын тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байжээ. Харин 1979 онд аав нь тагнуулчийн суманд өртөж, хорвоогоос халихад олон нийтийн өмнө ил байсан түүний амьдрал түмэнд хаалттай болсон билээ. Гэхдээ тэрбээр 1998 онд хуульч болж, Өмнөд Солонгосын улс төрд орж ирсэн юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд иргэдийн цалин хөлсийг нэмж, мэдээллийн технологи, шинжлэх ухааны салбарт судалгаа хийхэд ихээхэн хөрөнгө зарцуулан, ажлын байр шинээр бий болгохоо амлаж байна.
Тангараг өргөх ёслолынхоо үеэр тэрбээр “Би цөмийн зэвсэгтэй болох төлөвлөгөөнөөсөө даруйхан татгалзахыг Хойд Солонгост уриалж, энх тайвны замаар хөгжилд хүрэхэд нь тусална” хэмээв. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 70000 гаруй хүн уригдсан бөгөөд Тайландын Ерөнхий сайд Ийнглак Чинаватра, Японы Ерөнхий сайдын орлогч Таро Асо, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Томас Донилон нар хүрэлцэн иржээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН