Мали улсын умард нутагт Францын зэвсэгт хүчний явуулж буй ажиллагаа төгсгөлийн шатандаа орж байгаа талаар Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ. Байлдааны ажиллагаа Мали улсын умардад Ифогас гэдэг уулархаг нутагт Алжиртай залгаа хилийн ойролцоо болж байгаа юм байна. Чухам энд лалын дайчдын хүчин дахин зохион байгуулалтад орж байгаа юм. “Чад улсын анд нөхөд маань байлдааны ажиллагаа явуулж, дайсанд үлэмж хохирол учрууллаа. Чад улсад талархаж байна” гэж Олланд хэлсэн байна.
Энэ сарын 22-нд Малид Чадын 13 албан хаагч амиа алджээ. 2013 оны нэгдүгээр сарын 11-нээс хойш лалын дайчдын эсрэг байлдааны ажиллагаанд Францын 4000 орчим цэрэг оролцож, Баруун Африкийн орнуудын ЭКОВАС эвслийн отрядууд тэдэнд тусалж буй юм. Францын нисэх хүчний цохилт хийгээд Мали болон ЭКОВАС-ын армитай хамтарсан газар дээрх байлдааны ажиллагаа нь лалын дайчдыг богино хугацаанд Мали улсын умард нутгийн Гао, Тимбукту, Кидаль хотоос хөөн гаргах боломж олгож байгаа аж.