Ромын пап XVI Бенедикт сэнтийгээсээ буух тухайгаа дэлхий нийтэд зарлаж, католик шашинт дэлхийн тэрбум гаруй хүнийг уйд автуулаад байна. Өмнөх пап II Ион Павел насан эцэслэсний дараа тэрбээр 2005 оны дөрөвдүгээр сарын 2-нд католик сүмийн хамгийн нэр хүндтэй суудалд заларсан бөгөөд өдгөө өвчний улмаас энэ сарын сүүлчээр хамба ламын ширээгээ хүлээлгэн өгөх болов. Жигтэй нь Ромын пап өөрийн хүсэлтээр суудлаасаа буух шийдвэр гаргасан тохиолдол сүүлийн 600 жилд тохиогоогүй гэдгийг “Time” сэтгүүл онцолжээ. XVI Бенедиктийн папын суудлаас буух ёслолыг энэ сарын 28-нд хийхээр товлосон бөгөөд “New Yorker” сэтгүүлийн мэдээлж буйгаар 20.00 цагт арга хэмжээ эхлэх аж. Энэ нь пап орой бүр 20.00 цагт ажлаа дуусгаад амрахаар явдаг байсантай холбоотой гэнэ.
Олон түмний итгэл үнэмшил, талархлыг хүлээсэн XVI Бенедиктийг өвчний улмаас ийм шийдвэр гаргасан гэдэгт сүсэгтнүүд ч тэр, хэвлэл мэдээллийнхэн ч тэр ер итгэж өгөхгүй байгаа. Үүний цаана хэн нэгний томоохон амбиц явж байгаа юм биш биз! Өдгөө 85 насыг зооглож буй папыг өвчний улмаас сэнтийгээсээ бууж буй гэхэд хардах сэжүүр бага л даа. Гэвч өнгөрсөн онд Сицилийн мафиуд католик сүмийн нууцад нэвтэрч, хувийн мэдээллүүдийг нь олон нийтэд ил болгож шуугиан тарьсан, үүнд Ватиканы сүм банкнаас мөнгө угаадаг олон улсын сүлжээтэй холбоотой гэсэн дуу лиант мэдээлэл ч байсан билээ. Үүн дээр, Ромын папын сэнтийд заларна гэдэг хэмжээлш гүй үнэ цэнэ, нэр алдар, эрх мэдлийн оройд сууснаас ялгаагүй учраас папыг буулгах хуйвалдаан хэзээнээс л улбаатай нь тодорхой юм. Мөн Опус Дэй зэрэг христийн шашны харгис урсгалуудын үйл ажиллагаа илтэд сэргэсэн, санваартнууд бага насны хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг “уламжлал” эцэслэх нь битгий хэл бараг л жам ёсны шахуу болсон зэрэгт XVI Бенедиктийг зэмлэдэг нь өнөөдөр ч хэвээр байна. Энэ бүх дуулиан шуугиан, хардалт сэрдэлтийн дундаас хэрэг явдлын хамгийн гол эзэн, чухаг хүн болох хамба лам ангижрахаар шийдсэнд л олон хүн хачирхаж буй юм.
Харин энэ бүх хоржин асуулт, сэрдэлтийн өөдөөс XVI Бенедикт хариу өгөхдөө “Хааны алба халаатай. Нэг нь явж, нөгөө нь ирдэг нь жам ёсных шүү дээ” хэмээжээ. Тэртээ 1415 онд Ромын пап XII Грегори өөрийн хүсэлтээр суудлаасаа бууж байсан Хожим олноо ил болсноор бол шашны бүлэглэл үүдийн заналхийллээс болж ийм шийдвэр гаргаж байсан. аж. Эрт цагийн энэ явдлаас хойших анхны то хиолдол болж буй нь XVI Бенедикттэй холбоотой, одоо бид гэрч нь болох гээд хүлээж байна. Ватиканы сүмийнхэн болохоор XVI Бенедикт насан өндөр болсноос өвчин хууч нь сэдэрч байгаа гэх боловч тодорхой шалтгаануудыг нууж буй. Гэсэн ч өөрийн залгамжлагчийг үзэх өдөр хоног түүнд бий гэдэг нь л ил юм. Тэрбээр нийтийг хамарсан арга хэмжээ, илтгэлүүдийн үеэр ганцаараа алхаж чадахгүй болж, дуу нь бүр цааш орсон бөгөөд эмч нар түүнийг хилийн чанадад айлчлахыг хорьж, сүмээс барагтай л бол гарахгүй байсан нь дээр гэж зөвлөсөн гэдэг.
Одоо түүний эцсийн мэдэгдлийг дэлхийн тэрбум гаруй католик шашинтнууд хүлээж буй. Шашны ёсоор бол XVI Бенедикт дараачийн папыг сонгох санал хураалтад оролцохгүй, нөлөө ч үзүүлэх эрхгүй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн кардиналуудын саналын дагуу тодруулдаг ажээ. “National Catholic reporter” сэтгүүлд бичсэнээр ирэх гуравдугаар сард буюу Улаан өндөгний баяраас урьтаж шинэ папыг сонгох арга хэмжээ эхлэх юм байна. Шинэ папыг сонгох үйл явц нууц зөвлөлгөөнөөр шийдэгддэг гэдгийг бид эчнээ мэдэх билээ. Энэхүү нууц зөвлөлгөөн гэдэг нь Ватикан сүмд орон орноос ирсэн кардиналууд цугларч, тэдний гар утас, компьютер зэрэг гадаад ертөнцтэй холбогдох бүхий л эд зүйлсийг хураасны дараа эхэлдэг. Энэ үед сүмийн хаалгыг хааж, хэнийг ч нэвтрүүлдэггүй бас гаргадаггүй ёстой. Улмаар сонгосон нэр дэвшигчдэд (ихэвчлэн дөрөв юм уу, таван хүн байдаг) санал хурааж, хэрэв шинэ пап сонгогдвол сүмийн оройгоос цагаан утаа, үгүй бол саарал утаа гаргаж олон нийтэд мэдээлдэг.
Хэрэв эхний санал хураалтаар папыг сонгож чадаагүй бол тэр даруйд дараачийн санал хураалтыг эхлүүлнэ. Хоёр дахь удаагаа бүтэлгүйтвэл мөн л дараачийнхыг нь эхлүүлдэг байна. Ингэж явсаар шинэ пап сонгогдох хүртэл хэдэн ч удаагийн санал хураалт болж болдог бөгөөд ингэх хүртэл нь кардиналуудыг сүмээс огтхон ч гаргадаггүй аж. Өдгөө папын суудалд өрсөлдөх кардиналуудын нэрс эхнээсээ гарч эхэлсэн бөгөөд олны таа маг ёсоор бол өнгөт арьстан, бүр тодруулбал XVI Бене диктийг орлох хүн Африкаас тодрох аж. Хамгийн магадлалтай хүнээр Ганын кардинал Питер Турксон яригдаж байна. Мөн Нигерийн Франсис Аринзе, Гондурасын Оскар Марадиага болон Канадын кардинал Марк Оулетт ч тодорч магадгүй байгаа ажээ. Түүх сөхвөл, нийт 265 хүн Ромын папаар сонгогдож байсан бөгөөд үүний 196 нь Итали, 15 нь Франц, 11 нь Грек, тав нь Германы иргэн байж. Ийнхүү Католик сүмийн эрх мэдэл Европт тэр дундаа Италид байсан түүх өнгөрч, өдгөө Латин Америк юм уу, Африкт шилжихээр болж байна. “Guardian” сонинд мэдээлснээр түүхийн турш африк гаралтай гурван пап байсан бол Латин Америкаас нэг ч хүн уг сэнтийд заларч байгаагүй юм.
XVI Бенедикт гэж хэн бэ?
Ромын 265 дахь пап XVI Бенедикт буюу Жосеф Ратзингер 1927 оны дөрөвдүгээр сарын 16-нд Германд цагдаагийн ажилтны гурав дахь хүүхэд болж мэндэлжээ. Түүний ах нь өнөө хэр сүмийн номлогч хийдэг бөгөөд хэзээ ч гэрлэж байгаагүй, эгч нь 1991 онд таалал төгссөн гэдэг. Таван настайдаа анх католик сүмийн босгыг алхаж, тэр үеэс эхлэн кардинал болох мөрөөдөлтэй болжээ. Гэвч 14 настайдаа “Залуу Гитлер” хагас цэрэгжилтийн байдалтай нийгэмлэгт элссэн байна. Учир нь тухайн үед 14 нас хүрсэн хөвгүүн бүр уг нийгэмлэгт элсэх ёстой байсан гэнэ. Тэнд Ратзингер агаарын хүчний залуу нисгэгчээр бэлтгэгдсэн юм.
Гэртээ эргэж ирмэгц тэр багын мөрөөдлөө биелүүлэхээр Мюнхений Арчбишоп шашны сургуульд элсэж, 1959 онд Бонны их сургуулийн шашны профессорын зэрэг хүртжээ. 2002 онд тэрбээр кардинал болсон бөгөөд Ромын пап II Ион Павелтай ойр шадарлах болсон аж. Харин 2005 онд Ион Павелийг насан эцэслэсний дараа шинэ папыг сонгох дөрвөн удаагийн санал хураалт болж, эцэст нь Жосеф Ратзингерийг сонгожээ. Тэрбээр “Time” сэтгүүлээс нэрлэдэг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад сүүлийн найман жил тасралтгүй бичигдсэн юм.
ЗУРГАН МЭДЭЭ
XVI Бенедиктийн хувийн номын санд 20.000 шашны ном байдаг.
Түүний хамгийн дуртай хоол нь гахайн шарсан мах. Харин дуртай ундаа нь жүржийн “Фанта”.
Тэр Чико нэртэй муур тэжээдэг. Түүнийг Ромын гудамжнаас 15 ам.доллараар худалдан авсан гэдэг.
Тэрбээр итали, испани, франц, герман, англи хэлтэй.
XVI Бенедикт өөрийн гэсэн iPad-тай болсон анхны пап бөгөөд 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд @pontifex нэрээр твиттер хаяг нээжээ. Түүний анхны жиргээг сийрүүлбэл “Сүсэгтэн олон та бүхэнтэй твиттерээр харилцах болсондоо таатай байна. Та бүгд миний зүрхэнд байдаг шүү” гэжээ.
XVI Бенедиктийг залгамжлах магадлал өндөр байгаа кардиналууд Питер Турксон Франсис Аринзе Оскар Марадиага
Ж.ТЭГШЖАРГАЛ