Тэртэй тэргүй ганхаад байсан Михаил Саакашвилигийн нэр хүнд Гүржийн Ерөнхийлөгчийн хувьд ч, “Үндэсний нэгдмэл хөдөлгөөн” намын тэргүүний хувьд ч, эцэст нь Гүржийн ардчиллын эцэг гэгддэгийн хувьд ч өнгөрсөн оны аравдугаар сард болсон Парламентын сонгуульд бут ниргүүлснээс хойш бүр шалдаа буугаад байна.
Шинжээчдийн үзэж буйгаар түүний үйл ажиллагааг Гүржийн хүн амын 20-иос илүүгүй хувь нь дэмжиж буй аж. 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 97 хувийн дэмжлэг хүлээж байсантай нь харьцуулбал тэрбээр Гүржийн ард түмнийг дахин хуурч дөнгөхгүй нь бололтой. Гүржийн Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль 2013 оны аравдугаар сард болох ёстой.
Ерөнхийлөгчийг таван жилийн хугацаагаар сонгож байхаар 2010 онд Парламент нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан юм. Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулснаар Саакашвилигийн Ерөнхийлөгч байх хугацааг Парламент нь 10 сараар сунгаж орхисон нь түүний олон жилийн засаглал, нийгэм эдийн засгийн талаарх амлалтаа биелүүлдэггүйд нь залхсан олон нийтийн дургүйцлийг улам хүргэж байгаа аж.
Михаил Саакашвили эрх барьсан 10 жилдээ улсынхаа эдийн засгийг үндсэндээ унагаж орхиод байгаа гэж үздэг. Экспорт, импортын харьцаа хэд дахин алдагдсанаас Гүржийн гадаад худалдааны баланс сөрөг үр дүнтэй болсон байна. Хөдөө аж ахуй нь үлэмж доройтов. Тариалан эрхлэх болон усан үзмийн талбайн хэмжээ ихээхэн хорогдлоо. Одоо газар тариалан нь улсынхаа нэг жилийн хэрэгцээний гуравны нэгийг ч хангаж чадахаа байж, гаднаас үр тариа авахад хүрчээ. Хотын хүн амын ажилгүйдэл 2001 онд 11 хувь байсан бол одоо 30 гаруй хувь болов. Өөрөөр хэлбэл “Гүржийн эдийн засгийн гайхамшиг” гүржийн “эдийн засгийн гамшиг” болж орхижээ. Сонгуульд ялсан “Гүржийн мөрөөдөл” нам Саакашвилийг хугацаанаас нь өмнө огцруулах гэж эртнээс идэвхтэй ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Эвслийн удирдагч Бизина Иванишвили эхлээд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалгана гэж айлгасан, дараа нь шүүхдэнэ гэсэн. Гэвч Парламент хийгээд Засгийн газарт олонхийн байр сууриа алдсан эртний түншээ аврахын төлөө Европын холбоо болон АНУ тэмцэх болсноос Иванишвили өнгө аясаа арай зөөллөөд байна.
“Мөрөөдөгчид” болон Засгийн газрын бус хэд хэдэн байгууллага гарын үсэг цуглуулж “Үндсэн хууль ёсоор Та 2013 оны нэгдүгээр сарын 21-нээс Гүржийн Ерөнхийлөгч биш болж буй нь иргэдийн санаанд нийцэж буй бөгөөд Үндсэн хууль болон олонх иргэний гарын үсгээр ч баталгаажиж байна. Хэрэв Та ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, Үндсэн хуулиа үл хайхарвал, улс оронд гарцаагүй чухал болоод байгаа шийдвэрийг гаргаж, бүрэн эрхээсээ татгалзахгүй бол эрх мэдлээ хүчээр эзлээд байх боломжгүй тийм байдлыг Гүржийн ард түмэн бий болгох болно” гэсэн үгтэй тулган шаардах бичиг түүнд хүргүүлсэн юм. Энэ бичгийн дор нэг сая гаруй хүн гарын үсгээ зуржээ. Гүржийн хувьд асар олон гэж хэлж болох энэ тоо ард түмэн нь хэчнээн их урам хугарсаныг түвэггүй харуулж чадна. Гэсэн ч Михаил Саакашвили Ерөнхий лөгчийн суудлыг сайн дураараа орхихыг хүсэхгүй байна. Гүржийн Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалгах ажиллагааг Парламент дээр Дээд шүүхийн юм уу, Үндсэн хуулийн цэцийн оролцоотойгоор явуулах учиртай. Тэгвэл уг шүүх, Цэц одоогоор Саакашвилигийн шууд хяналт дор байна. Бий болсон нөхцөл байдлыг Гүржийн шинэ эрх баригчид бодитойгоор цэгнэж үзээд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудлыг эргэж харахаар шийдвэрлээд байгаа.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эргэж нягтлахын тулд Үндсэн хуульд нэлээд өөрчлөлт оруулж, Парламент болон Ерөнхий сайдын бүрэн эрхийг нэмэгдүүлсэн заалтыг үйлчлүүлж эхлэх асуудлыг шийдэх учиртай. Түүнээс гадна Ерөнхийлөгч нь Парламентын оролцоогүйгээр Засгийн газраа томилдог заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой. Ийм байдлаар Гүрж Ерөнхийл өгчийн БНУ байснаа Парламентын засаглалтай болох боломж бий болж байна. Гүржийн шинжээч Гия Хухашвилигийн бодлоор бол “Саакаш вили өндөг шиг дарчихаад байгаа Үндсэн хуулийн гажуудлыг өнөөдөр л засах шаардлагатай. Ерөнхийлөгч ганцаар дур мэдэн Засгийн газраа байгуулах тухай Үндсэн хуулийн заалт нь орчин цагийн ардчилсан ертөнцөд бол санаанд багтамгүй зүйл” аж. Хийхээр төлөвлөж буй шинэчлэлийг Саакашвилигийн тэргүүлдэг Үндэсний нэгдсэн хөдөлгөөн эрс эсэргүүцэж байна. Үүнийхээ илэрхийлэл болгож Үндсэн хуульд засвар оруулах комиссын бүрэлдэхүүнээс гарав. Энэ нь ажлын явцад нөлөөлөхгүй юм. Эрх баригч эвсэл одоо Парламентад 108 суудалтай байгаа, Саакашвилигийн толгойлдог хөдөлгөөнөөс сонгогдсон депутатууд өөрийн улс төрийн өрсөлдөгчийн талд цувран орж ирсээр байгаа болохоор энэ тоо өснө гэдэгт эргэлзэх юмгүй. Гүржийн ард түмний дургүйцэл энэ сарын 8-нд эцэстээ хүрч 1990-ээд оны эхээр эхэлж, эцэст нь иргэний дайнд хүргэсэн үйл явдалтай дүйхүйц эсэргүүцэл тэмцэлд нэгдсэн юм.
Ерөнхийлөгчийн хувиар Саакашвили ард түмэндээ сүүлчийн удаа хандан Парламентын танхимаас үг хэлэхээр төлөвлөсөн байв. Гэвч олонх зөвшөөрсөнгүй. Парламентын дарга Дэвид Усунашвили энэ шийдвэрийг Үндэсний нэгдмэл хөдөлгөөний гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэнтэй холбож тайлбарлав. Тэгээд Саакашвили жил бүр ард түмэндээ хандаж хэлдэг үгээ Үндэсний номын сангаас олны сонорт хүргэхээр шийдсэн байна. Гэтэл тус номын сан байдаг Тбилиси хотын төвийн гудамжийг Төрийн тэргүүнийг эсэргүүцэгчид өглөө эрт хаачихсан байлаа. “Гүржийн ард түмэнд хандаж үг хэлэхийг түүнд зөвшөөрөхгүй. Гүржийн ард түмний өмнө хийсэн нүглийнхээ хариуцлагыг тэр хүлээх ёстой” гэж тэмцэлд оролцогчид мэдэгдэв. Тэдний дотор Саакашвилигийн дэглэмийн үед хэлмэгдсэн улс төрийн хоригдлууд ч байсан аж.
Товлосон цагтаа Ерөнхийлөгч Номын санд ирсэнгүй, оронд нь Тбилиси хотын захирагч Гиги Угулава тэргүүтэй түүний намын хамтран зүтгэгчид ирж, жагсагчдад гойд бүдүүлэг хандсан байна. Эцэст нь Саакашвили ард түмэндээ хандаж өргөөнөөсөө үгээ хэлжээ. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд өөрөө болон түүний Засгийн газрын гаргасан алдааны төлөө уучлалт хүссэн байна. Түүгээр ч барахгүй өнгөрсөн сонгуулиар ард түмэн түүний эрх мэдлийг үгүй хийсэн нь шударга явдал болсон гэжээ. Мөн Үндсэн хуульд оруулах өөрчл өлтийг дэмжихэд бэлнээ илтгэсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй. Хэрэв уг өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулчихвал Саакашвили Пар ламентын зөвшөөрөлгүй ганцаар дур мэдэн Засгийн газрыг бүрдүүлэх эрхгүй болох юм. Маргааш нь Гүржийн Ерөнхий сайд тусгай мэдэгдэл хийв. Тэрбээр сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч болон Засгийн газрын гаргасан алдааг уучлахад гол анхаарлаа хандуулжээ. Түүнээс гадна өнгөрсөн үед учирсан бэрхшээлийг задлан шинжилж, зөв дүгнэлт хийхийг Иванишвили уриалав.
Михаил Саакашвили одоо үг ярианаас үйл ажилд шилжих хэрэгтэйг онцолсон аж. Тухайлбал, Засгийн газрыг бүрдүүлэн байгуулах, тараах нь чухамхүү Парламентаас хамаардаг болгохоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихийг уриалав. “Үндсэн хууль, хууль дээдлэх зарчмыг хэлбэрэлтгүй сахин Ерөнхий лөгч болон түүний улс төрийн багтай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлэхийг хүсэж байна. Бид бүхний эх орны сайн сайхны тулд би тохиролцоо хийхэд ч бэлэн” гэж Ерөнхий сайд хэлсэн байна.
Р.ЖАРГАЛАНТ