Мансууруулах бодис дамлан худалдсаны учир АНУ-ын шүүхээс 20 жилийн ял авсан Оросын нисгэгч Константин Ярошенко, зэвсэг наймаалсан хэргээр Иллинойст ялаа эдэлж дуусгаж буй Виктор Бут хоёрын хооронд холбоо сүлбээ байсныг Америкийн прокурорын байгууллага олж тогтоосон байна.
Ярошенко нь Бутийн дэргэд нисгэгчээр ажиллаж байжээ. Америкийн шүүхээр хэргээ шийдүүлсэн хоёр орос хүний хэлхээ холбооны талаар анх удаа мэдээлж буй нь энэ юм. Давж заалдахаар өмгөөлөгчийнх нь гаргасан өргөдөлд өгсөн хариунд энэ талаар баримт нотолгоотой өгүүлсэн байв.
Одоо өмгөөлөгчийн тал прокурорын үндэслэлд өгөх хариугаа хоёр долоо хоногийн дотор бэлтгэх ёстой бөгөөд үүний дараа л хэргийг шүүхэд шилжүүлнэ. Талуудыг хооронд нь мэтгэлцүүлэх үү, шийдвэрээ шууд гаргах уу гэдгийг тодорхойлох нь шүүхийн эн тэргүүний зорилт юм. Ярошенкогийн өмгөөлөгч Тарасов шүүхийн хуралдааны үед үгээ хэлэх боломж олдоно гэдэгт найдаж байгаа юм байна. Ийм тохиолдолд Америкийн хуулиар цаг хугацааны хязгаарлалт байдаггүй тул эцсийн шийдвэр хэзээ гарахыг хэлэх аргагүй. Америкийн мансууруулах бодистой тэмцэх газрын мэдээлэгчидтэй Ярошенко наймааны асуудлаар ярилцаж байхдаа Бутийн нэрийг хэдэнтээ хэлсэн аж. Тэгвэл нөхөр нь Бутийг таньдагийг Ярошенкогийн гэргий Виктория үгүйсгэжээ.
Ялыг нь хөнгөрүүлж, гэр бүлийг нь АНУ-д амьдрах зөвшөөрөл өгнө хэмээн амласны хариуд Бутийн эсрэг мэдүүлэг өгөхийг Америкийн мөрдөн байцаагчид нөхөрт нь санал болгосон гэж тэрбээр хэлсэн байна. Ярошенкогийн өмгөөлөгч нь 2012 оны арваннэгдүгээр сард давж заалдах өргөдөл өгөхдөө, үйлчлүүлэгчийнх нь буруутайг нотлоогүй гэж үзжээ. Түүний хэлж буйгаар бол АНУ-д мансууруулах бодис авчирснаа Ярошенко тодорхой хүлээгээгүй бөгөөд “Америкийн эрх ашигт хохирол учруулах бодол” түүнд байгаагүй гэнэ. Түүнээс гадна Ярошенког Америкт шилжүүлж өгөх дөө эрх зүйн алдаа гаргасан гэж Тарасов үзэж байна.
2010 онд Либерид баривчлагдсан Ярошенко нэлээн хэдэн тонн кокаин Америкаас Венесуэл руу авчрахаар төлөвлөж байсан гэж Америкийн прокурорын байгууллага зүтгээд байгаа юм. Тэндээс мансууруулах бодисыг дипломат шуудангаар Америкт ирүүлэх ёстой байж. Прокурорын байгууллагын таамаглаж буйгаар Ярошенко тус болсныхоо хариуд 4.5 сая доллар өгөхийг хүссэн байна. Ярошенкод 2011 оны есдүгээр сард ял оноосон бөгөөд одоо тэрбээр Нью-Жерси муж улсад байдаг “ФортДикс” шоронд хоригдож байгаа юм. Виктор Бут АНУ-ын эрх баригчдын хүсэлтээр 2008 онд Тайландад баривчлагдан Америкийн талд хүргэгдсэн. Алан хядагчид гэж америкчуудын үздэг Колумбын босогчдод зэвсэг нийлүүлэх хуйвалдаанд оролцсон гэж түүнд 25 жилийн ял оноосон. Тэрбээр Иллинойс муж улсын “Мерион” шоронд хоригдох хугацаагаа дуусгаж байгаа аж.
Р. ЖАРГАЛАНТ