Европ дахь цагдаагийн байгууллага 50 сая доллар буюу 32 сая еврогийн үнэ бүхий очир эрдэнийг хайж байна. Зэвсэглэсэн найман хүн орон нутгийн цагаар даваа гаригийн 19.47 цагийн үед цагдаагийн ажилтны хувцас өмсөн Брюсселийн онгоцны буудалд нэвтэрч, дээрх эрдэнэсийг хулгайлжээ. Эл дээрэм түүхэн дэх эрдэнэсийн хулгайн хамгийн томд тооцогдож байгаа юм. Сайтар бэлтгэгдсэн мэргэжлийн хулгайч нар энэ хэргийг үйлдээд ердөө гуравхан минутад оргон зайлж амжжээ.
Бельгийн цагдаа нар гайхширч хоцорсон бөгөөд урьдаас нарийн төлөвлөсөн, зохион байгуулалттай дээрэм гэж үзэж байгаа юм. Баг зүүж, цагдаагийн юүдэнтэй цув өмссөн дээрэмчид лазераар тоноглосон гар буугаар зэвсэглэсэн байжээ. Тэд онгоц хөөрөхөөс өмнөх агшинд тээш агуулдаг хэсгийн хаалгыг онгойлгон 120 хайрцаг бүхий очир эрдэнийг ачааны хоёр автомашинд ачаад зугтсан байна. Энэхүү эрдэнэсийг дэлхийн эрдэнэсийн төв Антверфээс Швейцарийн Цюрих хотод аваачих ёстой байжээ.
Дээрэмчдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд ачааны хоёр машин шатсан байсныг нисэх буудлын ойролцоогоос олсон аж.
Г.ТЭРГЭЛ