Сириэс татан авчирч буй ОХУ болон ТУХН-ийн орнуудын иргэдийг тээвэрлэсэн Онцгой байдлын яамны Ил-62 онгоц энэ сарын 20-нд шилжих шөнө Москвагийн нисэх онгоцны Домодедово буудалд газардав. Уг онгоцоор Орос, Украин, Белорусь, Узбек, Кыргыз улсын 99 иргэн ирсний дотор 29 эмэгтэй, 38 хүүхэд байв. Онцгой байдлын яамны хоёр дахь Ил-76 онгоц тун ойрын үед дахин хүмүүс тээвэрлэж ирэх гэнэ. Мэдээллээс үзвэл энэ онгоцоор Оросын иргэд ирэхгүй бололтой. Угтагчдын дотор эмч, сэтгэл зүйчид байжээ.
Шуурхай бүлгийнхэн ирэгсдийг тус тусын чиглэлийн нисэх онгоцны болон галт тэрэгний буудалд хүргэж, тасалбар худалдаж авах мэт ажилд нь тусалж байгаа юм байна. Урьд нь Сири рүү Оросын онгоцууд зөөврийн цахилгаан станц, асар, хөнжил, ор, нөөшилсөн загас, сүү, элсэн чихэр зэрэг хүнсний бараа бүхий хүмүүнлэгийн тусламж хүргэжээ. Мөн нэгдүгээр сард Онцгой байдлын яам Сириэс хоёр онгоцоор хүмүүс авчирсан юм. Тусламж хүсэж Дамаск дахь Оросын ЭСЯ-нд хандсан тэдгээр 77 хүний дийлэнх нь Сирийн иргэдтэй суусан орос хүүхнүүд, тэдний хүүхдүүд байжээ.
Түүнчлэн ОХУ иргэдээ зөөх зорилгоор Газар дундын тэнгис рүү Хар тэнгисийн флотын дөрвөн том хөлөг онгоцыг энэ сарын 18-нд илгээсэн гэсэн мэдээлэл байна. Сириэс өөрийн иргэдийг зөөх төлөвлөгөө боловсруулж буйгаа ОХУ-ын ГЯЯ бүр 2012 оны арванхоёрдугаар сард зарласан юм. Тэнд Оросын 5,3 мянган иргэн байдаг аж. Түүнээс гадна сири эрчүүдтэй суусан 25 мянган орос эмэгтэй байгаа гэнэ.
Р.ЖАРГАЛАНТ