Европ дахиныг шуугиулаад байгаа адууны ДНХ дэлхийн хүнсний хамгийн том компани гэгддэг “Nestle”-гийн бүтээгдэхүүнээс илэрчээ. Өнгөрсөн долоо хоног хүртэл хүнсэнд нь ямар ч адууны мах илрээгүй хэмээн мэдэгдэж байсан тус компанийн хоёр төрлийн бүтээгдэхүүнд нь адууны ДНХ илэрч, дахин шинжилгээний хариу гарснаар Итали, Испани дахь худалдаанаасаа үхрийн махан пастаг хасах шийдвэр гаргасан байна.
Уншигч танд эргэн сануулахад, хөлдөөсөн адууны маханд “үхрийн мах” хэмээн буруу шошго хадсанаас үүдсэн энэ хэрэг өнгөрсөн сард Ирландад анх дэгдэж, өдгөө Швейцарь тэргүүтэй Европын 12 орныг хамраад байгаа билээ. Франц улс энэ хэрэгт хамаатуулан мах боловсруулах “Spanghero” компанийг шалгаж, лицензийг нь хэсэгчлэн цуцлах шийдвэр гаргаад байгаа билээ. Тус компанийн хөлдөөсөн мах үйлдвэрлэх эрхийг нь хасаж, гагцхүү хүнсний бэлэн бүтээгдэхүүн, зайдас, махан таташ үйлдвэрлэхийг зөвшөөрсөн байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН