Зэвсэгт босогчидтой хэлэлцээр хийхэд Сирийн Засгийн газар бэлэн гэж Үндэсний эвлэрлийн асуудал эрхэлсэн сайд Али Хайдар мэдэгдэв. Улс төрийн хувьд бидний эсрэг байгаа бүхэнтэй, зэвсэг бариад тэмцэгчидтэй ч хэлэлцээр хийхийг бид хичээнэ гэж Ерөнхийлөгч хэлсэн хэмээн Хайдар Парламентын чуулганы үед хэлсэн байна.
Энэ бол босогчидтой хэлэлцээр хийхийг алан хядагчидтай хэл амаа ололцох гэж оролдсон явдал болно хэмээн үгүйсгэж байсан Засгийн газар хэлэлцээр хийхийг зөвшөөрч буй анхны тохиолдол юм. Өрнөдийнхний бий болгосон урвагчид, гар хөл бологчид хэмээн нэрлэсэн хүмүүстэйгээ ямар нэг яриа хэлэлцээр хийхгүй гэж Ерөнхийлөгч Башар Асад нэг бус удаа мэдэгдэж байсан юм.
Яриа хэлэлцээ хийхээр сөрөг хүчний зүгээс гаргасан хэд хэдэн удаагийн санаачилгад ч Сирийн эрх баригчид албан ёсны хариу өгөөгүй байсан билээ. Гэтэл хэлэлцээр хийх урилга хүлээн аваагүй гэж А.Хайдар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. НҮБ-ын Сири дэх тусгай элч Лахдар Брахими Кайр хотноо болсон Арабын улсуудын лигийн бага хурал дээр энэ сарын 17-нд үг хэлэхдээ Сирийн эрх баригчид хийгээд сөрөг хүчнийг цэрэг, улс төрийн хямралаа нэг тийш болгохын тулд НҮБ-ын ивээл дор хэлэлцээр хийхийг уриалсан юм. Зэвсэгт сөргөлдөөн эхэлсэн 2011 оны гуравдугаар сараас хойш энгийн номхон 70 мянган хүн нас баржээ. Өдөр бүр 5000 сири хүн эх орноо орхин явж байна.
Р.ЖАРГАЛАНТ