Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа энэ сарын 17-нд хоёр дахь удаагаа сонгогдсон байна. Санал тоолж дуусаагүй ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа тэрбээр зарлажээ. Түүний гол өрсөлдөгч Гильермо Лассо 40 орчим хувийн санал авсан аж. Сонгуулийн хоёрдахь шатыг зарлуулахгүйн тулд Корреа саналын 50 хувь юм уу, өрсөлдөгчөөсөө 10 хувь илүү, тэгэхдээ сонгогчдын 40-өөс доошгүйн дэмжлэгийг хүлээсэн байх учиртай.
Зүүний үзэл баримтлалтай Рафаэль Корреа 2007 оноос Ерөнхийлөгчийн суудлыг эзэлж байгаа юм. Нийт хүн амын 30 орчим хувь нь ядуу амьдардаг ард түмэндээ нийгмийн халамжийн хөтөлбөрөөрөө тэрбээр үнэлэгддэг аж. Улс төрийн бодлогодоо Эквадорыг Венесуэл шиг Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалтай улс болгох зорилтыг Корреа тавьдаг байна. 2010 онд цагдаагийнхан төрийн эргэлт хийх гэж оролдсоноос хойш сөрөг хүчний талын сонины сурвалжлагчийн асуултад хариулах, тайлбар өгөхийг Корреа сайд нартаа хоригложээ.
Корреа “социалист” гэж нэрлэдэг шинэ Үндсэн хуулиа 2008 онд баталсан байна. Энэ Үндсэн хууль Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг үлэмж өргөжүүлж, хоёрдахь удаагаа сонгогдох боломжийг олгосон аж.