АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ сарын 17-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярьжээ. Тэд БНАСАУ цөмийн туршилт хийсэн талаар ярилцаад энэ үйлдэлд нь өгөх хариугаа бэлтгэхээр тохиролцсон аж. Мөн Сири дэх байдлыг зохицуулах асуудлыг дипломат байгууллагын тэргүүн нар хөндсөн байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлснээр бол Керри, Лавров нар “Эдгээр болон олон улсын өнөөгийн бусад чухал асуудлаар санал бодлоо солилцож байхаар” шийджээ.
Жон Керри Сергей Лавровтой утсаар ярих гээд чадахгүй байсан талаар хоёрдугаар сарын 14-нд Төрийн Департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдээлж байсныг уншигчид санаж буй биз ээ. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Умард Солонгосын асуудлаар урьд нь Өмнөд Солонгос, Япон, Хятадын гадаад харилцаа эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын тэргүүнүүдтэй ярилцсан юм. Тэр үед Сергей Лавров Африкт ажлаар явж байсан юм билээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга холбогдох гэсэн үед Лавров дандаа эзгүй байж таардаг гэж нэгэн сэтгүүлч нөхцөл байдлыг тайлбарлахдаа тэмдэглэсэн байна. Өмнө нь ийм явдал Төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтонд 2009 онд тохиолдож байжээ.
Лавровтой холбогдох гэж Керри оролдоод бүтээгүй талаарх мэдээллийг ОХУ-ын Гадаад хэргийн яам тайлбарлахдаа “ОХУ-ын Гадаад хэргийн сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хоёр утсаар ярилцах талаар тохиролцох нь ажил хэргийн асуудал атал Вашингтоны сэтгүүлчдийн анхаарлыг тэгтлээ татаад байгаа нь гайхал төрүүлж байна” гэжээ. Лавровын ажлын цаг “хэт нягт” байсан ч утсаар ярих боломж гаргахаа Америкийн талд уламжлаад байхад Керригийн зүгээс хариу өгөөгүй гэж тус яам мэдэгдсэн байна.