АНУ-ын иргэний агаарын тээврийн “American Airlines”, “US Airways” компанийн удирдлагууд нэгдэх тохиролцоонд хүрсэн тухай “Блумберг” мэдээллээ. 11 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй энэхүү гэрээний үр дүнд дэлхийн хамгийн том авиакомпани мэндлэх юм. Хоёр компанийн нэгдэх болсонтой холбоотой бусад нарийн мэдээлэл одоогоор ил болоогүй байна. Энэ асуудлаарх хэлэлцээг талууд 2012 оны есдүгээр сард эхэлжээ.
“American Airlines”- ийн эзэмшигч AMR корпораци 2011 оны арваннэгдүгээр сараас дампуурлын байдалд орсноор бизнесээ шинэчлэн зохион байгуулахаас өөр аргагүйд хүрсэн юм. Авиакомпаниуд нэгдсэний дараа тэргүүнээр нь “US Airways”-ийн Ерөнхийлөгч Дуг Паркер, Захирлуудын зөвлөлийн даргаар “American Airlines”-ийн удирдагч Том Хортон ажиллана гэж “Блумберг”-ийн эх сурвалж хэлжээ. Гэвч Захирлуудын зөвлөлийн дарга гүйцэтгэх чиг үүргийн эрх мэдэлгүй байх гэнэ.