Хойд Солонгос уржигдар цөмийн туршилт гурав дахь удаагаа хийснийг НҮБ-ын Аюул гүйн зөвлөл шийдвэртэй буруушаав. Аюулгүйн зөвлөлийн тусгай хуралдааны үр дүнгийн талаар мэдээлэхдээ энэ тухай БНСУ-ын Гадаад хэргийн сайд Ким Сун Хван мэдэгдлээ. Тэрбээр “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зөрчсөн дээрх туршилт дэлхий дахины, түүний дотор Азийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна. Энэхүү үйлдлээс улбаатай бүх үр дагаврын хариуцлагыг чухамхүү БНАСАУ үүрэх болно” гэж онцолжээ. Тусгай хуралдааныг өдгөө Аюулгүйн зөвлөлийг даргалж буй Өмнөд Солонгосын санаачилгаар зарласан бөгөөд Пхеньяныг зэмлэн буруушаасан тогтоолыг гишүүд нь санал нэгтэй баталсан байна. АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Сюзан Рай сын хэлснээр, Хойд Солонгосын эсрэг авах санхүүгийн хязгаарлалтын арга хэмжээг оролцуулсан нэмэлт хоригийн асуудлыг Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд зөвлөлдөн шийд гаргах аж. Харин БНАСАУ-аас Женевт суугаа Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга Чон Ён Рен “Тус улсын цөмийн хөтөлбөртэй холбогдох бодлогогүй тогтоолуудын өмнө Пхеньян хэзээ ч өвдөг сөхрөхгүй” хэмээлээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны өмнө Хойд Солонгосын алхмыг АНУ, Хятад, Их Британи, Япон, Франц, Орос зэмлээд байв. Нэн ялангуяа Аюулгүйн зөвлө лийн байнгын гишүүдийн нэг, Пхеньяны эдийн засаг, дипломатын гол холбоотон Бээжинг энэхүү туршилт маргаангүй гайхашруулсан гэж шинжээчид хэлжээ. Газар доогуур хийсэн энэ удаагийн дэлбэрэлт 6-7 килотоннын хүчтэй байжээ. АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээгээр, 5.1 магнитудын хүчтэй дэлбэрэлт болсон аж. Үүний өмнөх хоёр туршилтын эхнийх нь нэг килотонн хүрэхгүй, хоёр дахь нь 2-7 килотонн хүчтэй байжээ.