Египетийн иргэдэд виз өгөхөө болих шийдвэрийг Ираны эрх баригчид гаргав гэж Гадаад хэргийн сайд Али Акбар Салехи мэдэгдэв. Аялал жуулчлал болон албан хэргээр ирэх египет хүмүүст визийн шаардлага байдаггүй аж. Египет, Ираны харилцаа өдөр ирэх тусам сайжирч байгаа гэж сайд онцолсон байна. Иранд 1979 онд болсон хувьсгалын дараа энэ хоёр улс дипломат харилцаагаа үнэн хэрэг дээрээ тасалчихаад байгаа юм.
Али Акбар Салехи Египетэд гурван өдрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын тэргүүлсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон аж. 1979 онооос хойш Египетэд ирж буй Ираны анхны төрийн тэргүүн нь Ахмадинежад болж буй юм байна. Түүний айлчлалыг нэг явдал таагүй байдалтай болгоод буй. Каир хотын төвд байх Аль-Хусейн сүмээс Ираны Ерөнхийлөгчийг гарч ирэхэд хэн нэгэн түүн рүү шаахай шидэж орхисон байна.
Энэ хэргийг үйлдэгч нь Сирийн иргэн бөгөөд “Бидний ах дүү нарыг чи алж байна” хэмээн хашгирсан гэнэ. Түүнийг өөр гурван ч хүний хамт Египетийн цагдаа нар баривчилжээ.