Хэрэв бүх ард түмний санал асуулгаар хүн амын олонх нь Их Британиас салахыг дэмжвэл Шотланд 2016 оны гуравдугаар сард тусгаар тогтнолоо тунхаглана гэсэн мэдээлэл олны сонорт хүрлээ. Шотландын Засгийн газрын бэлтгэсэн баримт бичигт өгүүлснээр бол бие даасан Парламентын төлөөх сонгууль 2016 оны тавдугаар сард болох аж. Түүнчлэн Шотландын ард түмний үнэт зүйлсийг тусгах өөрийн гэсэн Үндсэн хуультай болох шаардлага байгааг ч тэмдэглэсэн байна.
Санал асуулгын араас өрнөх яриа хэлэлцээнд нэгдэхийг Шотландын Ерөнхий сайд Алекс Сэлмонд Британийн сайд нарт уриалав. Сэлмондын хэлж буйгаас үзвэл, санал асуулгын дүн ямар гарах нь тодорхой гэдэгт тэрбээр эргэлзэхгүй байгаа бололтой.
Санал асуулгаас өмнө Шотландын тусгаар тогтнолын тухай асуудлыг ярих бодолгүй гэдгээ Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон урьд нь мэдэгдсэн юм. Шотландын үндэсний нам хүчээ буруу хуваарилж, санал асуулгын дараа болох үйл явдалд хэтэрхий их анхаарч байна гэж Британийн Засгийн газар үзэж байгаа. Британийн Засгийн газарт Шотландын асуудлыг эрхэлдэг Төрийн нарийн бичгийн дарга Майкл Мур тус бүс нутаг (Шотланд)-т амьдралын янз бүрийн хүрээнд бодит тусгаар тогтнол олгох эдийн засгаас эрчим хүч хүртэлх салбарт анхаарлаа хандуулахыг тэндхийн эрх баригчдад зөвлөжээ.
Санал асуулгыг 2014 оны намар явуулахаар төлөвлөж байгаа аж. Яг таг хугацааг одоогоор товлоогүй байна. “Шотланд тусгаар улс байх ёстой юу, үгүй юү” гэсэн асуултыг хүн амдаа тавихаар Шотландын Засгийн газар зэхэж байгаа юм байна. Энэ сарын 4-нд олон нийтэд мэдээлсэн сүүлчийн судалгаагаар хүн амын ердөө 32 хувь нь нааштай хариулт өгөхөөр байгаа гэнэ. Судалгаанд хамрагдагсдын 47 хувь нь Их Британиас салахын эсрэг, 20 хувь нь яахаа мэдэхгүй байгаа аж. Ерөөс санал асуулгад оролцохгүйгээ хүн амын нэг хувь нь илэрхийлжээ.
Р .ЖАРГАЛАНТ