Гавана хотын нэгэн эмнэлэгт эмчлүүлж байгаа Венесуэлийн Ерөнхийлөгчийн бие тун дажгүй байна гэж түүний дотно нөхөр, Кубын удирдагч асан Фидель Кастро Үндэсний парламентын сонгуульд саналаа өгөхөөр сонгуулийн нэгэн хэсэг дээр ирж иргэдийн өмнө гэнэт гарч ирэхдээ сэтгүүлчдэд хэлсэн байна. Кастрогийн хэлснээр Венесуэлийн Ерөнхийлөгчийн биеийн байдлын талаарх мэдээллийг тэрбээр өдөр болгон авдаг гэнэ.
Уго Чавес дөрөв дэх удаагаа хорт хавдраа авахуулахаар өнгөрсөн оны эцсээр Кубад ирсэн юм. Нэг удаагийн мэс заслын дараа Чавес амьсгалын замаар халдвар авсан нь хожим тодорхой болсон аж. Венесуэлийн Дэд ерөнхийлөгч Николас Мадурогийн хэлснээс үзвэл энэ халдвар бүрэн эмчлэгдсэн гэнэ. Уго Чавес 2012 оны арванхоёрдугаар сарын 11-нээс хойш телевизийн дуранд өртөөгүй төдийгүй өөрийнхөө биеийн байдлын талаар огт мэдээлээгүй байгаа билээ. Венесуэлийн сөрөг хүчин энэ байдлыг нь Чавес төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх чадваргүй болсноо хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэлдээ идэвхтэй ашиглаж байна.