АНУ-ын Массачусетс муж улсын Бостон хотод зорчигч тээврийн хоёр давхар автобус осолд орж 40 шахам хүн хүндээр гэмтсэн байна. Автобусанд ахлах ангийн сурагчид, тэдэнтэй хамт яваа хүмүүс сууж байсан аж.
Эвдэрч хэмхэрсэн автобуснаас бүх хүмүүсийг гадагш гаргаж чаджээ. Осол болсноос цаг хагас орчмын дараа хамгийн сүүлийн хүнийг гаргасан байна. Гурван хүний бие нэлээд хүнд байгаа гэнэ.
Харвард хотоос ирж явсан уг автобусны жолооч гүүрэн доогуур орохдоо автобусныхаа өндрийг тооцоогүй учраас хоёр дахь давхар нь гүүрний доод ирмэгт тээглэн салж унасан аж. Автобусанд нийтдээ 42 хүн явжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Флорида муж улсын Майами хотын нисэх онгоцны буудал дээр ийм осол тохиолдож байжээ. Тэгэхэд хоёр хүн нас барж, гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.