Мюнхенд аюулгүй байдлын асуудлаар болж байгаа Бага хурлын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн сөрөг хүчний удирдагч Моазаль-Хатыбтай уулзав. Сирийн хувьсгалт болон үндэсний сөрөг хүчний эвслийн тэргүүнийг Москвад очихыг С.Лавров урьсан аж.
Тэдний яриа хэлэлцээний агуулгыг нууцалсан байна. Сирийн 160 мянган хоригдлыг суллах нөхцөл болзлын тухай асуудлаар Засгийн газартай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Сирийн сөрөг хүчин илэрхийлсний дараа С.Лавров, М.Хатыб нарын уулзалт тохиож буй юм.
С.Лавров дараа нь АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден, НҮБ хийгээд Арабын улсуудын лигийн элч Лахдар Брахими нартай уулзаж Сирийн хямралыг зохицуулах арга замын асуудлаар Москва, Вашингтон хоёрын хооронд үүссэн маргааны талаар ярилцжээ.
Оросын дипломатууд урьд нь уулзаж байгаагүй Сирийн сөрөг хүчний бүлгийг оролцуулаад Сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй ойрын үед шинэ холбоо тогтоохыг Москва үгүйсгэхгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Мюнхенд Сирийн сөрөг хүчинтэй дөрвөн талын уулзалтад С.Лавров оролцохгүй хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Геннадий Гатилов мэдэгдэж байсныг нэхэн саная. “Мюнхенд Лавров, Байден, Брахими болон Сирийн сөрөг хүчний төлөөлөгч Аль-Хатыб нар уулзах тухай хэвлэлийн мэдээлэл бодит байдалтай авцалдахгүй” гэж тэрбээр хэлсэн юм.
Хоёрдугаар сарын 1-ний байдлаар Лавровын хөтөлбөрт ийм уулзалтын талаар тусгаагүй байгааг тэр тодруулсан байна. Москвад өөрийн төлөөлөгчдийг ирүүлж яриа хэлэлцээ хийх ОХУ-ын Гадаад хэргийн яамны урилгаас М.Хатыб өнгөрсөн оны эцсээр татгалзсан аж. Түүгээр ч барахгүй Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг дэмжсэнийхээ төлөө албан ёсоор уучлалт гуйхыг С.Лавровоос шаардсан байна. Хүчирхийллийг зогсоох талаар яриа хэлэлцээ эхлэх урьдчилсан нөхцөл болгож Б.Асадыг огцрохыг шаардсанаасаа татгалзахад бэлэн гэдгээ Хатыб хожим нь мэдэгдсэн юм. Сирийн нутаг дэвсгэр дээр болж буй байлдааны ажиллагаанд оролцож байгаа сөрөг хүчний төлөөлөгчдийн үлэмж хэсэг нь энэ санаачилгыг эсэргүүцжээ. Тэгвэл Сирийн хямралыг зохицуулах асуудлаар НҮБ болон Арабын улсуудын лигийн тусгай төлөөлөгч Лахдар Брахимийн тавьж буй болзлыг АНУ дэмжсээр байгаа юм. Брахими, АНУ-ын Дэд ерөнхийл өгч Жозеф Байден нарын уулзалтын дүнгээр Цагаан ордноос өнгөрсөн бямба гаригт тараасан мэдэгдэлд энэ талаар өгүүлсэн байна. Тэд Мюнхенд уулзсан аж.
Сири дэх хүмүүнлэгийн байдал болон тухайн бүс нутагт хямрал ямар уршиг тарьж буй талаар ярилцжээ. АНУ-ын Дэд ерөнхийлөгч бас мөнөөх Хатыбтай уулзсан байна. Сөрөг хүчний эв нэгдлийг сахих, хэт даврагч этгээдүүдийг өөрсд өөсөө тусгаарлаж, хүн амынхаа өргөн давхаргатай холбоо тогтоохыг Байден зөвлөсөн аж. “Бүх иргэнийх нь эрх хамгаалагдсан байх ардчилсан, энх амгалан Сири улс болох замд саад бололгүй Башар Асад огцрох ёстой” гэсэн АНУын байр суурийг тэрбээр дахин илэрхийлсэн байна. “Тодорхой нөхцөл байдалд” Дамаскийн эрх баригчидтай яриа хэлэлцээр хийхэд бэлнээ илэрхийлсэн Хатыбын мэдэгдлийг Байден дэмжсэн аж. Хатыб өөрийн шийдвэрийг улс төрийн тохиролцоонд хүрэх, шилжилтийн үеийг эхлүүлэх зорилготой “сайн санааны” дохио гэж үзэж байжээ.
Р.ЖАРГАЛАНТ