Уэльсийн хунтайж Чарльз гэргий, Корнуолын гүнгийн авхай Камиллагийн хамт анх удаа метрогоор аялжээ. “Фаррингдон”-оос “Кингс-кросс” өртөө хүртэл үргэлжилсэн уг аяллыг өнөө жил Их Британид өргөн тэмдэглэж буй Лондоны метроны 150 жилийн ойд зориулсан аж. Хатан хааны гэр бүлийн гишүүдийг өртөө рүү нэвтрэхэд нь метроны үйлчилгээ эрхлэх газраас дурсгалын карт бэлэглэлээ. 10 фунтийн үнэтэй, “Oyster” тээврийн картаар үйлчилгээний хөлсийг төлсөн бөгөөд хоёр хуванцар картаа Хатан хааны цуглуулгад нэмэрлэх юм байна.
Британийн нийслэлийн газар доогуурх төмөр замын зорчигч тээврийн дээрх хэсэгт шинэ үеийн галт тэрэг үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа гэнэ. Тэрхүү шинэхэн галт тэрэгний цуваанд Чарльз, Камилла нараас гадна олон тооны сэтгүүлч, аюулгүй байдлын албаныхан багтсан аж. Харин жирийн зорчигчдыг эрхэм дээдэст ойртохыг зөвшөөрөөгүй байна. Тэдний үдэлсэн “Кингскросс” өртөөний төмөр замын галт тэрэгний буудлын 9 3/4 зогсоол өсвөрийн шидтэн Харри Поттерын тухай номын ачаар олноо алдаршсан, британичууд төдийгүй гаднын жуулчдын хөл татардаггүй газар. Хатагтай Камиллаг Поттерын шүтэн бишрэгч хэмээн учир мэдэх хүмүүс ярьдаг байна.
Чарльз хамгийн сүүлд 1979 оны дөрөвдүгээр сард метрогоор зорчихдоо Метроны түүхт ойн шугамын нээлтийн ёслолд оролцсон ажээ. Лондоны метро шугамынхаа нийт уртын хэмжээгээр (402 км) Шанхайн метроны дараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг бөгөөд өдөр тутам дунджаар 3.6 сая зорчигчид үйлчилдэг. Хамгийн ачаалалтай өртөө нь жилд 82 сая хүн зорчдог “Ватерлоо” юм байна.
Х.ЭНХ