Ерөнхийлөгч Барак Обама АНУ цагаачлалын системдээ реформ хийх цаг нь болсон хэмээн Невада муж улсын ЛасВегас хотод ажиллах үеэрээ мэдэгдэв. Тус улсад өдгөө оршин суугаа бичиг баримтгүй 11 сая цагаач иргэний асуудлыг шийдвэрлэхийн тулд Конгресс цогц арга хэмжээ авч эхлэх шаардлагатай байна гэж Цагаан ордны тэргүүн тэмдэглэжээ. Ерөнхийлөгчийн мэдэгдэл хийхээс нэг өдрийн өмнө АН болон БНН-ын тус бүр дөрвөн гишүүнээс бүрдсэн сенатчдын бүлэг цагаачлалын реформын төслийг Б.Обамад өргөн мэдүүлсэн юм.
Уг төсөл цагаачлалын бодлогын асуудлаар Цагаан ордноос дэвшүүлж буй саналтай үндсэндээ дүйж байгаа аж. Тухайлбал, цагаачдын дунд шалгалт явуулж, тэднийг бүртгэлд оруулах, визийн хяналтыг чангатгах, хууль бус цагаачдыг хөлсний ажилчнаар авдаг компанид арга хэмжээ авах зэргийг багтааснаараа адил байна. Өдгөө үйлчилж буй хууль ёсны цагаачлалын систем хийгээд АНУ-ын хилийн аюулгүй байдлыг хангах асуудлыг ул суурьтай шинэчлэхийг дээрх төслүүдэд тусгажээ. Харин реформын асуудлаар Цагаан ордон, Конгрессийн дунд хэд хэдэн санал зөрүүтэй байна. Дээр дурдсанчлан, хууль зөрчин орж ирсэн гаднынхныг хариуцлагад татах, өөрөөр хэлбэл, зохих татвар, торгуулийг нөхөн ногдуулж, англи хэл эзэмшсэнийх нь дараа бүрэн эрхт иргэн болох боломжоор хангахыг Б.Обама хамгийн чухалд тооцож байна. Тэгвэл БНН-ынхан хилийн хяналтыг чангатгахын төлөө байгаа.
Хууль бусаар хил давах нь харьяатын эрх олох арга юм байна гэдэг бодол цагаачдад төлөвших ёсгүй гэж тус намаас сонгогдсон сенатчид үзэж байна. Мөн ижил хүйстэн цагаачдад олгох эрх эр, эм хүйсийн хосынхтой ижил байхыг Конгрессийн олон гишүүн зөвшөөрөхгүй байгаа бол, Ерөнхийлөгч Обама эсрэг саналтай байгаа юм. Цагаачлалын одоогийн хуульд салхи оруулах талаар Конгресс бодит ал хам хийхгүй аваас Цагаан ордон хуулийн төслийг өөрөө санаачлан боловсруулж, өргөн барихыг Б.Обама бас тэмдэглэжээ.
АН-аас улиран сонгогдсон Б.Обама өнгөрөгч арваннэгдүгээр сарын сонгуульд Латин Америкийн цагаач сонгогчдын 70 гаруй хувийн дэмжлэг хүлээсний дараа цагаачлалын талаарх намынх нь хатуу байр суурь өөрсдөд нь гай удаж буйг БНН-ын олон гишүүн хүлээн зөвшөөрсөн. 2008 оны Ерөнхийлөг чийн сонгуульд Б.Обамад ялагдсан, Аризона мужаас сонгогдсон сенатч Жон Маккейн “БНН испани хэлтэй иргэдийнхээ дэмжлэгийг алдаж байна” гэж даваа гаригт мэдэгдсэн аж.
Х.ЭНХ