Тайландын Пхукет арлын “Банг Тао дүүргийн таксины жолооч нарын клуб”-т нэгдсэн жолооч нар өнгөрсөн даваа гаригт “Оросын мафи”-ийн эсрэг жагсаал зохион байгуулав. Зуу гаруй жолооч цуглаж “Пхукетийг эзэлж аваад Тайландын иргэдийг цалингүй болгож” байгаа Оросын мафийн эсрэг хандсан уриа хашгирч, Alex Holiday Tour компанийн байранд хадсан хаягийг нь авч хаяад, цааш аялал жуулчлал болон үл хөдлөх хөрөнгийн арилжаа эрхэлдэг компаниудын дэргэд түр зогсон эсэргүүцлээ илэрхийлж байв. Жагсагчдын шаардсанаар цагдаа нар нэг компанийн төв байрны дэргэдээс мотоцикльтой хөдөлсөн хоёр орос хүнийг баривчилжээ. Гэвч тэднийг байцаасны дүнд Оросын жуулчдад үйлчилдэг бизнест хамааралгүй болох нь тодорхой болсон байна.
Таксийн жолооч нарын жагсаал даваа гаригийн үдээс хойш дуусчээ. Тэгэхдээ эрх баригчдын зүгээс Оросын юм уу, орос хэл дээр хаягаа бичсэн компаниудтай тэмцэл хийж эхлэхгүй бол эсэргүүцлийн арга хэмжээг илүү өргөн цар хүрээтэй болгоно хэмээн жагсагчдын удирдагчид мэдэгджээ. Энэ бол 2012 онд эндхийн таксийн жолооч нараас “Оросын мафи”-ийн эсрэг хийж буй анхны тэмцэл биш гэж хэвлэлд бичиж байна. Нэгдүгээр сарын эхээр болсон ийм жагсаалын дараа тус арлын захиргаа, цагдаагийн байгууллагатайгаа хамтран Оросын компаниудад шалгалт хийжээ. Оросын жуулчдад өрсөлдөх чадвартай үнэ төлбөр санал болгодог, хаягаа орос хэлээр хийсэн фирмүүд нь хуулийн дагуу Тайландад бүртгэлтэй байсан төдийгүй заримыг нь тай хүмүүс эзэмшдэг, эсвэл 51 хувиас доошгүй хөрөнгийн оролцоотойгоор хамтран эзэмшдэг, ямар нэг хууль зөрчөөгүй болох нь уг шалгалтаар харагдсан байна. Гэлээ ч “Пхукет дэх Оросын мафийн” тухай асуудал Тайландын олон нийтийн мэдээллийн зарим хэрэгслийн, түүний дотор телевизийн Долдугаар сувгийн анхаарлын төвд үлджээ. Тус суваг өнгөрсөн пүрэв гаригаас “Пхукет дэх Оросын мафийн” тухай нэвтрүүлгийг орой болгон цацаж буй.
Оросоос ирдэг жуулчдад үйлчилдэг, ажиллах эрхгүй орос хэлтэй хүмүүсийг хөтөчхэлмэрчээр авч хулгайгаар ажиллуулдаг зарим компанийн үйл ажиллагаанаас болж Пхукет арал дээр ийм байдал бий болсон байна гэж “Тезтур” группийн арилжаа эрхэлсэн захирал Александр Буртин тайлбарласан байна. “Харамсалтай нь жижиг компаниуд, ажиллах эрхгүй ч оросоор сайн ярьдаг хүмүүсийг нууцаар авч ажиллуулахаас аргагүй болдог юм байна. Тэднээс цагдаа нар нэлээдийг нь баривчилж, торгууль нь хуримтлагдаад зөндөөн болчихсон байдаг. Пхукет арлын телевиз чухам ийм компаниудын талаар л нэвтрүүлэг хийсэн байсан” гэж Буртин хэлжээ. Мөн Тайландын өөр амралтын газар ажилладаг компаниудад ийм асуудал огт байхгүй гэж тэр нотолсон аж.
Р.ЖАРГАЛАНТ