Ойрын өдрүүдэд албан тушаалаа өөр хүнд шилжүүлэх гэж буй АНУын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд орох боломжоо нээлттэй үлдээж байна. “Маргааш, эсвэл жилийн дараа юу тохиолдохыг урьдчилан хэлэх боломжгүй” гэж тэрбээр “Си-Би-Эс” телевизийн “60 минут” хөтөлбөрт оролцон сурвалжлагчтай ярилцахдаа хэлжээ. “Одоогоор би Төрийн нарийн бичгийн даргын албаа хашиж байгаа болохоор намууд хоорондын тэмцэлд оролцохгүй” гэж нэмж хэлсэн аж. Хиллари Клинтоныг хүндэтгэдгээ илэрхийлж нэр хүндтэй уг нэвтрүүлэгт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хамт оролцсон байна. Тэрбээр Хилларийг өөрийн анд нөхөр гэдэг төдийгүй “Тус улсын түүхэн дэх Төрийн нарийн бичгийн шилдэг даргын нэг” гэж хэлжээ. Б.Обама “Тэрбээр миний засаг захиргааны хамгийн чухал зөвлөхүүдийн нэг” хэмээн Хилларийг үнэлжээ. Б.Обама урьд нь гэргий Мишелиэсээ өөр хэнтэй ч хамт ийн ярилцлагад оролцож байсангүй.
Төрийн тэргүүн хийгээд АНУ-ын гадаад бодлогын төв байгууллагын удирдагчийн “60 минут” нэвтрүүлгийн хөтлөгчтэй хийсэн ярилцлагыг Цагаан ордны цэнхэр танхимаас дамжуулсан байна. Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон нэрээ дэвшүүлбэл дэмжих эсэхийг нь сонирхсон асуултад Б.Обама хариулт өгсөнгүй. Төрийн жолоог барих хоёр дахь хугацаа нь дөнгөж эхэлж байгаа болохоор дөрвөн жилийн дараа юу болохыг таах аргагүй гэж тэрбээр хэлээд, үйл явдлыг яаруулахгүй байхыг хүссэн байна. Сүүлийн дөрвөн жил Америкийн дипломат бодлогыг удирдсан Хиллари Клинтоны халааг АН-аас сонгогдсон Сенатын гишүүн Жон Керри авах юм. Түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар батлах асуудлыг Сенатын Гадаад бодлогын хороогоор хэлэлцэх үйл явц тун шуурхай болсон нь Сенатын нийт бүрэлдэхүүн түүнийг дэмжих юм байна гэх бодлыг хүмүүст төрүүлсэн.
Хиллари Клинтон одоогийн албан тушаалдаа байх сүүлчийн өдөр нь хоёрдугаар сарын 1 гэж Төрийн Департмент зарлалаа. 65 настай энэ эмэгтэй АНУ-ын АН-ын хамгийн нэрд гарсан улст өрчийн нэг болж үлдсэн бө гөөд Төрийн тэргүүний албыг амжилттай хашихад шаардлагатай бүх чанар түүнд бий. 2008 онд тэрбээр Ерөнхийлөгчийн суудлын төлөө тэмцээд сонгуулийн эхний шатанд Обамад ялагдсан. Б.Обама Ерөнхийлөгчийн сонгуульд ялаад төрийн Департментийг толгойлохыг түүнд санал болгосон билээ. Хиллари Клинтоныг 2016 оны сонгуульд оролцохыг намынх нь нөхөд дэмжиж байгаа аж. Калифорни муж улсаас Сенатын гишүүн болсон АН-ын төлөөлөл хатагтай Дайэнн Файнстайн “Си-Эн-Эн” теле компанийн сурвалжлагчтай ярилцахдаа “Би түүнийг дэм жигч, Ерөн хийлөгчийн сонгуульд дахин өрсөлдвөл мөн их баярлахсан” гэж хэлсэн байна.
Өнгөрсөн оны эцэс энэ оны эхээр Хилларид таагүй явдал шил даран тохиолдож, ямар сайн даа л тэрбээр бараг нэг сар ажил дээрээ үзэгдэхгүй байх вэ. Эхлээд түүнийг Европын орнуудаар явж байхад нь ходоодны халдварт өвчин тусаж, дараа нь гэрийнхээ дэргэд унаж тархиа хөдөлгөсөн. Тархины нь хатуу бүрхэвчийн судсанд нь цус бүлэгнэсэн байхыг шинэ оны босгон дээр эмч нар илрүүлсэн. Өөрийн нь хэлснээр одоо бие нь сайн байгаа аж. Ливийн Бенгази хотод АНУ-ын Консулын газар руу өнгөрсөн оны есдүгээр сард довтолсонтой холбоотой асуудал Конгрессоор олон цаг хэлэлцэхийг саяхан Хиллари тэвчин сонсож өнгөрөөгөөд өөрийн оронд Керригийн нэрийг дэвшүүлж буйгаа маргааш нь Сенатад мэдэгдсэн байна. Төрийн Департментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуландын ярьснаар Хиллари ажил хэргээ залгамжлагчдаа хүлээлгэж өгөхөд нэгэнт бэлэн болж, чухам энэ зорилгоор, түүнтэй ихэвчлэн гар утсаар байнга ярилцаж байгаа аж.
Р.ЖАРГАЛАНТ