Энэтхэгийн хэт барууны “Шив Сена” хэмээх намын төлөөний хүмүүс “өөрийгөө хамгаалахад нь туслах” зорилгоор Мумбай хотын эмэгтэйчүүдэд хутга тарааж өгчээ. Тэд “Биед чинь хүрсэн хүний гарыг хүнсний ногоо хэрчдэг шигээ л огтолж орхихыг” хүүхнүүдэд уриалсан байна. Тэдний хэлснээр бол хүүхнүүд цүнхэндээ долоон см-ээс богиногүй хурц хутга авч явах ёстой гэнэ. “Шив Сена” намын идэвхтнүүд Махараштра мужийн хотуудад 21 мянга орчим хүйтэн зэвсэг тараахаар төлөвлөжээ.
Энэ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд Нью Дели хотноо залуу эмэгтэйг олноор бүлэглэн хэрцгийгээр хүчирхийлсэн гэмт үйлдлийн хариуд авч буй өвөрмөц арга хэмжээ юм. 23 настай оюутан эмэгтэй Жоти Сингхийг үерхдэг залуугийн нь хамт автобусанд оруулаад, эмэгтэйг нь зургуул нийлж доромжлоод, хоёуланг нь автобуснаас гаргаж хаясан байна. Оюутан охин авсан шархаа даалгүй Сингапурын нэгэн эмнэлэгт амьсгал хураажээ. Энэ хэрцгий үйлдэл өргөн олон түмний дургүйцэл жигшлийг төрүүлж, Энэтхэгийн нийслэлд олон түмэн эсэргүүцлээ илэрхийлж, тэр нь гудамжны эмх замбараагүй байдал болж хувирснаас 20-иос доошгүй хүн амиа алдсан.
Ийм муухай хүчирхийлэл шинэ он гарсаар ч үргэлжилж, энэ сарын 14-нд Васкода- Гама хотын сургуулийн бие засах газарт хоёрдугаар ангийн охиныг хүчиндэв. Бас эмнэлгийн сувилагч 26 настай бүсгүй хүчирхийллийн золиос боллоо. Хоёр эрэгтэй түүнийг автобусны зогсоол дээр байхад нь “олзолж” аваад хоёр хоног “эдлээд” эцэст нь машины явдал дунд гаргаад шидэж орхисон байна.