Мали төдийгүй бүх Африкийн эртний домогт хот, нийслэл Бамакогоос хойш 900 км зайд орших Тимбуктуг өнгөрсөн онд босогч туарег үндэстэн болон радикал үзэлт лалын шашинтнууд эзэлж авсан юм. Одоо энд ундны ус, цахилгаангүйгээр гурав хонож байна. Сүүлийн үед Францын Агаарын цэргийн хүчний бөмбөгдөлтөд нэг бус өртөөд буй тус хотыг лалын дайчид хийгээд энгийн иргэд орхиж явах болж байна гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Нүдээр үзсэн хүмүүсийн нотолж байгаагаар бол эндхийн оршин суугчдыг лалын шашинтнууд л ус, цахилгаанаар хангаж байжээ. Тиймээс тэднийг явмагц Тимбукту “хий үзэгдэл” болж хувирсан байна. Малийн армид сонирхсон мэдээллийг нь дамжуулахгүйн тулд лалын радикал үзэлтнүүд Тимбуктуг гадаад ертөнцтэй холбож байсан утсан харилцааг тасалсан гэсэн мэдээ дуулдаж байсан юм. Мөн Францын цэргийн нисэх хүчин Малийн зүүн хойд нутагт Нигертэй залгаа хилээс холгүй энэ сарын 24-нд лалын радикалуудын байрлалд цохилт өгөв.
Африкийн энэ БНУ-ын зэвсэгт хүчний эх сурвалжийн мэдээлснээр бол томоохон хот нь болох Гаогоос урагш 80 км зайд байх Ансонго гэдэг суурин газар руу Францын Агаарын цэргийн хүчин амжилт тай довтолж даврагчдын баазад цохилт өгсөн байна. Харин лалын дайчид бүгж байгаа Малийн зүүн хойд нутгийн байдал эрх баригчдын нь санааг нэлээд зовоож байгаа аж. Баруун Африкийн орнуудын Эдийн засгийн хамтын нийгэмлэгийн гишүүн улсуудын цэргийн албан хаагчдын хэсгийг ойрын үед чухам энэ бүсэд байрлуулахаар төлөвлөж буй юм байна. Энэ хүч умард нутгийг нь эзлээд байгаа хэт даврагчидтай тэмцэхэд нь Малийн армид дэмжлэг үзүүлэх аж. “Ансар ад-дин” (“Шашныг хамгаалагчид”)- аас тусгаарлан салсан “Лалын Азавадын хөдөлгөөн” гэгч бүлэглэл энхийн яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Эндээс гаргасан албан мэдээнд “Алан хядагч аливаа бүлгээс салж, тэдний эсрэг тэмцэхээ илэрхийлж байна” гэжээ.
Ливийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Мухаммед Абдельазиз лалын радикал бүлэглэлүүдийн эсрэг явуулж буй цэрэг дайны ажиллагаагаа дуусгамагц Мали руу “хязгаарлагдмал тооны цэрэг” илгээхийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд уриаллаа. Тэгэхдээ Малид болж буй хямрал Ливид эрсдэл учруулж болзошгүйд анхаарлаа хандуулав. “Стратегийн үүднээс үзвэл хэт даврагчид Малийн умард мужуудаас олны анхаарлыг холдуулахын тулд үйл ажиллагаагаа хөрш улсууд руу өргөтгөхийг хүсэж буй учир Мали дахь байдал түвэгтэй болбол Ливид ноцтой үр дагавартай байж болзошгүй” гэж сайд хэлжээ.
Малид тохиолдоод буй хямрал нь бүс нутгийн тайлбарлагчдын тэмдэглэж буйгаар Ливид Муаммар Каддафигийн дэглэм унаснаас үүдэлтэй аж. Чухам Каддафи гийн дэглэм унаснаар тэнд байсан туарег чууд их хэмжээний зэвсэгтэй болж, удалгүй Малийн умард нутгийг гартаа оруулж авсан юм.
Р.ЖАРГАЛАНТ